
АНУ-ын Пенсильвани мужид улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж байх үеэр уг өвчний хүндрэлээс шалтгаалсан дахин нэг нас баралт бүртгэгдлээ. Жефферсон тойргийн 40 настай эмэгтэй улаанбурхан өвчний хүндрэлээр нас барсан талаар тус тойргийн шүүх эмнэлгийн албаныхан мэдээлсэн байна. Энэ нь 2026 онд Пенсильвани мужид улаанбурхантай холбоотой бүртгэгдэж буй гурав дахь нас баралт болж байна.
Пенсильванийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр есдүгээр сарын 11-ний байдлаар тус мужийн 37 тойрогт нийт 676 улаанбурханы тохиолдол батлагдаж, 124 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Тухайн үед албан ёсоор улаанбурхантай холбоотой хоёр нас баралт бүртгэгдсэн байсан юм. Шинээр нас барсан эмэгтэйн тохиолдлыг мужийн Эрүүл мэндийн газар мөн нарийвчлан шалгаж байгаа бөгөөд нас баралт улаанбурхантай холбоотой эсэхийг эпидемиологийн үнэлгээгээр эцэслэн тогтоох аж.
Пенсильвани мужид өнгөрсөн наймдугаар сард хоёр нярай улаанбурхантай холбоотойгоор нас барсан нь олны анхаарлыг татсан. Тэдний нэг нь зургаан долоо хоногтой охин байсан бөгөөд мужийн Ланкастер тойргийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр улаанбурхан түүний нас баралтын шууд шалтгаан болсон байна. Нөгөө нярай нь дэлүү хагарсны улмаас нас барсан бөгөөд улаанбурхан нь нас баралтад нөлөөлсөн хүчин зүйл гэж үзжээ.
Эдгээр хүүхэд вакцин хийлгэх насанд хүрээгүй байсан юм. Улаанбурханы эсрэг MMR вакцины эхний тунг ихэвчлэн нэг нас орчимд хийдэг бөгөөд хоёр тун хийлгэснээр өвчнөөс хамгаалах үр дүн 97 хувьд хүрдэг гэж Пенсильванийн Эрүүл мэндийн газар мэдээлжээ.
Улаанбурхан нь амьсгалын замаар маш хурдан тархдаг, халдварлах чадвар өндөртэй вирусийн өвчин юм. Халуурах, ханиалгах, хамар гоожих, нүд улайж нулимс гоожих зэрэг шинж тэмдэг илэрч, улмаар толгой хэсгээс эхлэн биеэр тархсан тууралт гардаг. Хүндэрсэн тохиолдолд уушгины хатгалгаа болон тархины үрэвсэл зэрэг ноцтой хүндрэл үүсгэж болдог. Пенсильванийн дэгдэлт дөрөвдүгээр сарын сүүлээр эхэлснээс хойш халдварын тоо тогтмол нэмэгдэж байна. Эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг вакцинжуулалтад хамрагдах, улаанбурханы шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандахыг анхааруулжээ.
Л.Баяр























































