
2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-д болсон террорист халдлагаас хойш 25 жил өнгөрч байна. Тухайн өдөр “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой 19 террорист дөрвөн зорчигч тээврийн онгоцыг барьцаалан, АНУ-ын түүхэн дэх хамгийн хүнд халдлагуудын нэгийг үйлдсэн юм.
Өглөөний 08:46 цагт American Airlines-ийн 11-р нислэг Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн хойд цамхагийг мөргөжээ. 09:03 цагт United Airlines-ийн 175-р нислэг өмнөд цамхагийг мөргөсөн байна. Хоёр цамхаг удалгүй нуран унаж, Нью-Йоркийн тэнгэрийг өтгөн утаа бүрхсэн юм.
Үүний дараа гурав дахь онгоц болох American Airlines-ийн 77-р нислэг Вашингтон хотын ойролцоох Пентагонд мөргөжээ. Харин United Airlines-ийн 93-р нислэг зорчигчид болон багийн гишүүд барьцаалагчдыг эсэргүүцсэний дараа Пенсильвани мужийн Шэнксвилл орчимд унасан байна.
Халдлагын улмаас нийт 2977 хүн амиа алдсан бөгөөд олон мянган хүн шархаджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд энгийн иргэдээс гадна онгоцны зорчигч, нисэх багийнхан, цагдаа, гал сөнөөгч, аврагчид байв.
9/11-ийн дараа АНУ-ын үндэсний аюулгүй байдал, нисэхийн хамгаалалт, терроризмын эсрэг ажиллагаанд асар том өөрчлөлт гарсан. Холбооны мөрдөх товчоо ч терроризмын эсрэг тэмцлийг тэргүүлэх чиглэлээ болгож, мөрдөн шалгах ажиллагаагаа шинэ түвшинд хүргэсэн юм.
Өнөөдөр Нью-Йорк дахь 9/11-ийн дурсгалын цогцолборт халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн нэрийг мөнхөлсөн байдаг. Тэдний дурсгалыг хүндэтгэх ёслол жил бүр есдүгээр сарын 11-нд зохион байгуулагддаг.
Л.Баяр



























































