
АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон жуулчдын заавал амталж үзэх хоолны нэг бол соноран хот-дог. Энгийн хот-догоос эрс ялгаатай, илүү баялаг орцтой энэхүү хоол нь Тусон хотын гудамжны хоолны соёлын бэлгэ тэмдэг болжээ.

Соноран хот-догийн гол онцлог нь зайдаснаасаа эхэлдэг. Гахайн махан зайдасыг гахайн утсан махаар ороож шарсны дараа зөөлөн талханд хавчуулан, дээр нь олон төрлийн орц нэмдэг байна. Үүнд шош, жижиглэсэн улаан лооль, сонгино, майонез, гич, жалапеньо зэрэг орц багтдаг. Зарим худалдаачин өөрийн жор, амтлагчийг нэмж, өвөрмөц хувилбараар санал болгодог.
Энэхүү хот-догийн нэр нь Аризона болон Мексикийн хойд хэсгийг хамарсан Соноран цөлийн бүс нутгаас үүдэлтэй. Тусон хот Мексикийн хилтэй ойр оршдогийн хувьд хоёр орны хоолны уламжлал олон жилийн турш харилцан нөлөөлж ирсэн. Үүний нэг тод жишээ нь соноран хот-дог юм.
Өнөөдөр Тусоны гудамж талбайд соноран хот-дог зардаг жижиг мухлаг, хүнсний машинууд олон байдаг. Ялангуяа оройн цагаар нутгийн иргэд төдийгүй жуулчид эдгээр газрыг зорьж, халуун хот-дог амтлах нь түгээмэл.
Соноран хот-догийг зөвхөн түргэн хоол гэж үзэхэд учир дутагдалтай. Түүний орц, бэлтгэх арга, идэх соёл нь Аризона болон Мексикийн хил орчмын бүс нутгийн түүх, соёлын харилцааг харуулдаг аж.

Ийнхүү нэг ширхэг хот-дог Тусон хотын хувьд хоолноос илүү утга агуулгатай болж, хотын өнгө төрхийг илэрхийлэх соёлын нэгэн бэлгэ тэмдэг болон хөгжжээ. Тусонд зочилсон хүмүүсийн хувьд соноран хот-догийг амтлах нь тус хотын өвөрмөц уур амьсгал, хил дамнасан хоолны соёлтой танилцах шинэ туршлага болдог байна.
Л.Баяр

























































