
Хойд Солонгос 5000 тоннын ангиллын “Kang Kon” шинэ устгагч хөлөг онгоцоо тэнгисийн цэргийн хүчиндээ албан ёсоор ашиглалтад орууллаа. Тус улсын удирдагч Ким Жон Ун өчигдөр Вонсан боомтод болсон ашиглалтад оруулах ёслолд оролцож, шинэ хөлөг нь улсын цөмийн хариу цохилтын системийн нэг хэсэг болно гэж мэдэгджээ. Ким Жон Ун “Kang Kon”-ыг энгийн хамгаалалтын хөлөг бус, дайсанд хүчтэй хариу цохилт өгөх чадвартай довтолгооны устгагч хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр мөн Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хүчнийг цөмийн зэвсэг бүхий хүчин болгон хөгжүүлэх шаардлагатай гэж онцолжээ.
Шинэ хөлөг нь Хойд Солонгосын хоёр дахь 5000 тоннын ангиллын устгагч юм. Үүнээс өмнө тус улс “Choe Hyon” нэртэй ижил ангиллын хөлгийг ашиглалтад оруулсан бөгөөд “Kang Kon”-ыг түүнээс хойш гурван сар хүрэхгүй хугацаанд тэнгисийн цэргийн хүчиндээ нэгтгэжээ.
“Kang Kon” нь тус улсын Зүүн тэнгисийн флотод хуваарилагдах бөгөөд далайн хил, тусгаар тогтнолыг хамгаалах болон цөмийн зэвсгээр тогтоон барих стратегид ашиглагдана гэж Пхеньян мэдэгдсэн байна. Шинэ хөлгийн бүтээн байгуулалт өмнө нь саадтай тулгарч байжээ.

2025 оны тавдугаар сард анхны хөөргөлтийн үеэр хөлөг хазайж, улмаар хөмөрсөн боловч ойролцоогоор нэг сарын дараа амжилттай усанд оруулсан байна. Энэ оны долдугаар сард Ким Жон Ун хөлөг дээрээс стратегийн далавчит пуужин болон бусад зэвсэг турших сургуулилалтыг удирдсан юм.
Ким Жон Ун цаашид тэнгисийн цэргийн хүчинд томоохон шинэчлэл хийхээ мэдэгдэж, найман сарын дараа шинэ төлөвлөгөөгөө дэлхий нийтэд харуулна гэж хэлсэн байна. Энэ нь цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц бүтээх төлөвлөгөөтэй холбоотой байж болзошгүй гэж Өмнөд Солонгосын шинжээчид үзэж байна.
Энэхүү үйл явдал АНУ, Өмнөд Солонгос, Япон улс “Freedom Edge” хамтарсан цэргийн сургуулилалтаа эхлүүлсэнтэй зэрэгцэж байна. Таван өдөр үргэлжлэх тус сургуулилалт нь Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой. Пхеньян эдгээр сургуулилалтыг өөрийн аюулгүй байдалд заналхийлж буй үйлдэл гэж үздэг. Ким Жон Ун eu ёслолд эхнэр Ри Сол Жу болон охин Ким Жу Э-тэйгээ хамт оролцсон нь мөн анхаарал татжээ.
Л.Баяр




















































