
АНУ-ын асрамжийн тогтолцоонд байгаа хүүхэд, өсвөр үеийнхний ойролцоогоор гуравны нэг нь өөрсдийгөө ЛГБТК+ гэж тодорхойлдог гэсэн судалгааны үр дүн бий. Гэвч Дональд Трампын засаг захиргаа ЛГБТК+ хүүхдүүдэд олгож байсан холбооны хамгаалалтыг бууруулж, тэднийг дэмждэг төрийн байгууллага болон ашгийн бус байгууллагуудын үйл ажиллагааг улам хүндрүүлж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, хүүхэд хамгааллын байгууллагууд нэг талаас эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах үүргээ биелүүлэх, нөгөө талаас Трампын засаг захиргааны шинэ бодлоготой нийцэх шаардлагын дунд хүнд нөхцөлд ажиллаж байна.
Трампын засаг захиргаа ЛГБТК+-тэй холбоотой бодлогуудаа эрс өөрчилж, холбооны түвшинд хүйсийг зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэж тодорхойлох, трансжендэр хүмүүсийг цэргийн албанд хаах, жендэр баталгаажуулах эмчилгээний холбооны санхүүжилтийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авч байгаа. Үүний зэрэгцээ сургууль болон асрамжийн систем дэх ЛГБТК+ хүүхдүүдийн хамгаалалтыг бууруулах алхмууд ч хийгджээ.
АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яамны сайд Роберт Ф.Кеннеди Жуниор долдугаар сард Байдены засаг захиргааны үед батлагдсан нэгэн журмыг албан ёсоор цуцалсан байна. Тус журам нь асрамжийн тогтолцоонд байгаа ЛГБТК+ хүүхдүүдийг тэдний бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, хүйсийн илэрхийллийг хүндэтгэн дэмжих гэр бүлд байрлуулахад чиглэж байжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ЛГБТК+ хүүхдийг өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй гэр бүлд байрлуулах нь урт хугацааны сөрөг үр дагавартай. Судалгаагаар нийт асрамжийн хүүхдүүдийн ойролцоогоор гуравны нэг нь ЛГБТК+ бол нийт өсвөр үеийнхний дунд энэ үзүүлэлт 9.5 орчим хувьтай байна. Мөн ЛГБТК+ асрамжийн хүүхдүүд өөрсдийн хүйсийн баримжаа, бэлгийн чиг баримжаатай холбоотой сөрөг хандлагын улмаас гэрээсээ хөөгдөх, хаягдах эсвэл өөрсдөө зугтах магадлал бусад хүүхдээс бараг дөрөв дахин өндөр байдаг гэж судалгаанд дурджээ.

Unicorn Solutions байгууллагын үүсгэн байгуулагч Эллиот Хинкл CNN-д ярихдаа энэ нь хүүхдүүдэд ямар нэгэн асуудал байгаатай холбоотой бус, харин тэднийг хүлээн зөвшөөрөхгүй орчинд амьдруулж байгаатай холбоотой гэж тайлбарласан байна. АНУ-ын 35-аас доошгүй муж болон Вашингтон хот сүүлийн жилүүдэд ЛГБТК+ асрамжийн хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахаас хамгаалах тодорхой хэмжээний бодлого хэрэгжүүлжээ.
Жишээлбэл, Нью-Йорк хотын Хүүхдийн үйлчилгээний захиргаа 2012 онд ЛГБТК+ асуудал хариуцсан тусгай алба байгуулсан байна. Тус байгууллага нийгмийн ажилтан болон асран хүмүүжүүлэгчдэд зориулсан сургалт явуулж, ЛГБТК+ хүмүүсийг асран хүмүүжүүлэгчээр элсүүлэхийг дэмждэг. Гэвч Трампын засаг захиргаа ЛГБТК+ бодлогыг өөрчилж эхэлснээс хойш зарим мужид эдгээр хөтөлбөрийг буцаах үйл явц өрнөж байна.
2025 оны есдүгээр сард Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан захиргаа 13 мужид захидал илгээж, ЛГБТК+ хүүхдийг дэмжих шаардлага тавьсан бодлого нь зарим гэр бүлийн шашны итгэл үнэмшилтэй зөрчилдөж болзошгүй хэмээн анхааруулсан байна. Үүний дараа Массачусетс, Вермонт мужууд бодлогодоо өөрчлөлт оруулжээ.
Мөн Трамп өнгөрсөн оны арваннэгдүгээр сард асрамжийн тогтолцоог шинэчлэх тухай зарлиг гаргаж, ЛГБТК+ хүүхдийн хүйсийн баримжааг хүлээн зөвшөөрөхөд шашны итгэл үнэмшил нь саад болдог хүмүүсийг асран хүмүүжүүлэгч болохоос нь хасахгүй байхыг дэмжсэн байна.
Л.Баяр




















































