
АНУ-ын Флорида мужийн Майами хотын олон улсын нисэх буудалд Амазоны ачаа тээврийн нислэг үйлдэж байсан Boeing 767 онгоц газардсаныхаа дараа нислэгийн зурвасаас гарч, хэд хэдэн автомашин мөргөсөн ноцтой осол гарлаа. Ослын улмаас таван хүн нас барсан гэх мэдээлэл байна. Орон нутгийн цагаар есдүгээр сарын 6-ны өдрийн 14:00 цагийн орчимд болсон уг ослын дараа онгоц галд өртөж, хэргийн газарт 60 гаруй гал унтраах, аврах баг ажиллажээ. Галын алба онгоцноос их хэмжээний гал болон өтгөн утаа гарч байсан гэж мэдээлсэн байна.
АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-гийн мэдээлснээр, 21 Air компанийн 7598 дугаартай нислэг Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотын Луис Муньос Марин олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд Boeing 767-300 ачааны онгоц байжээ.
Онгоц Майами хотод газардсаны дараа 30 дугаар зурвасыг давж гарсан байна. Тус зурвас нь 9000 гаруй фут буюу ойролцоогоор 2740 метр урттай аж. Нислэг Сан-Хуанаас Майами хүртэл хоёр цаг гаруй үргэлжилсэн байна.
Майами-Дэйд мужийн Гал түймэр, аврах албаны мэдээлснээр онгоц нисэх буудлын ойролцоох зам дээр хэд хэдэн тээврийн хэрэгслийг мөргөжээ. Аврах ажиллагаанд 60 гаруй нэгж техник оролцсон байна. CNN-ийн шалгасан нислэгийн хөдөлгөөний удирдлагын радио харилцаанаас үзэхэд онгоц газардахаас өмнө нисгэгчид онцгой нөхцөл байдлын талаар мэдэгдээгүй байжээ.
Ослын дараа Майамигийн олон улсын нисэх буудлын бүх нислэгийн зурвас болон такси замыг түр хааж, нисэх онгоц хүлээн авахыг зогсоосон байна. Үүний улмаас олон нислэг саатаж, цуцлагдах нөхцөл үүсжээ. Эхний мэдээллээр ослын шалтгаан тодорхойгүй байсан бөгөөд FAA ослыг мөрдөн шалгахаар болсон байна. Хожим орон нутгийн эрх баригчид ослын улмаас таван хүн амиа алдаж, таван хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлжээ.
Л.Баяр


















































