
Диана гүнжийн хамгийн алдартай хувцаснуудын нэг болох “Revenge Dress” буюу “өшөө авалтын даашинз” энэ арванхоёрдугаар сард дуудлага худалдаанд орох гэж байна. Хар торгон, мөр ил гаргасан уг даашинзыг 1990-ээд оны эхээр дизайнер Кристина Стамболян урласан бөгөөд Диана гүнж 1994 оны зургадугаар сарын 29-нд Лондон хотын Серпентайн галерейд болсон хандивын арга хэмжээнд өмсөж байжээ.
Тухайн үдэш Диана гүнжийн салсан нөхөр, тухайн үеийн ханхүү Чарльз телевизийн ярилцлагаар гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн юм. Харин Диана гүнж мөр ил гарсан, бие барьсан хар даашинз, сувдан зүүлт, тод улаан уруулын будалттайгаар олны өмнө гарч ирсэн нь дэлхий даяар асар их анхаарал татсан билээ.
Ийнхүү тэр даашинз нь Дианагийн хувцаслалтаас илүү утга агуулгатай болж, түүний өөртөө итгэлтэй байдал, бие даасан байдлын бэлгэдэл хэмээн үнэлэгдэх болсон байна. Улмаар хэвлэлүүд уг хувцсыг “Revenge Dress” буюу “өшөө авах даашинз” хэмээн нэрлэх болж, салалт, дуулианы дараа өөрийн дүр төрхийг хүчтэйгээр илэрхийлэх хувцаслалтыг “revenge dressing” гэж нэрлэдэг ойлголт хүртэл бий болжээ.

Диана уг даашинзыг олон нийтийн өмнө ердөө нэг удаа өмссөн байдаг. Харин 1997 онд өөрийн 79 даашинзыг буяны дуудлага худалдаанд гаргаж, хорт хавдар болон ДОХ-ын эсрэг үйл ажиллагаанд зориулан хөрөнгө босгожээ. Тэр үед уг даашинзыг одоогийн эзэмшигч нь худалдан авсан бөгөөд бараг 30 жилийн турш дахин худалдаалагдаагүй байна.
Одоо уг даашинзыг Sotheby’s дуудлага худалдааны ордон арванхоёрдугаар сарын 9-нд Нью-Йоркт худалдахаар төлөвлөжээ. Мэргэжилтнүүд 150-300 мянган ам.долларын үнэд хүрнэ гэж тооцож байгаа аж. Дуудлага худалдаанаас өмнө даашинзыг Лондон, Хонконг, Женев хотод олон нийтэд дэлгэн үзүүлээд, улмаар Нью-Йоркт хүргэх юм.
Мөн борлуулалтын орлогын тодорхой хэсгийг "NHS Lothian Charity" байгууллагаар дамжуулан Эдинбургийн хааны эмнэлэгт хандивлах ажээ. Ийнхүү Диана гүнжийн өөрийнх нь эхлүүлсэн буяны үйлсийн уламжлал энэ удаагийн дуудлага худалдаагаар үргэлжлэх гэж байна.
Л.Баяр


























































