
АНУ-ын түүхэн дэх хамгийн их хэмжээний криптовалютын хулгайн нэгтэй холбоотой хэрэгт 22 настай Мэлоун Лам гэм буруугаа хүлээлээ. Сингапурын иргэн Лам Вашингтон хотын оршин суугчийн криптовалютын данснаас 4,100 гаруй биткойн хулгайлсан хэрэгт холбоотойгоор холбооны шүүхэд рэкетийн хуйвалдаан буюу зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой хэрэгт буруугаа хүлээсэн байна. Хулгайлагдсан биткойны тухайн үеийн үнэ цэнэ 240 гаруй сая ам.доллар байсан бөгөөд зарим эх сурвалжид 245 сая ам.доллар орчим гэж мэдээлжээ.
Прокуроруудын мэдээлснээр Лам болон түүний хамтрагчид хохирогчийг хуурч, технологийн болон криптовалютын компаниудын ажилтан мэтээр өөрсдийгөө танилцуулан дансны нууц мэдээлэл, хамгаалалтын кодыг нь олж авсан байна. Улмаар хохирогчийн криптовалютын хэтэвчнээс мянга мянган биткойныг шилжүүлэн авчээ.
Гэмт хэргийн бүлэглэл нь онлайн тоглоомын платформоор дамжин танилцсан залуусаас бүрдэж байсан бөгөөд хүн бүрт тусгай үүрэг хуваарилсан байжээ. Тэд өндөр хэмжээний криптовалют эзэмшдэг хүмүүсийг олж тогтоох, хуурамч дуудлага хийх, өөрсдийгөө Google болон криптовалютын үйлчилгээний ажилтан мэтээр танилцуулах зэрэг аргаар хохирогчдыг хуурдаг байсан гэж прокурорууд үзэж байна.

Харин хулгайлсан мөнгө нь тэдний тансаг хэрэглээнд зарцуулагджээ. Лам болон түүний хамтрагчид спорт машинууд, тансаг харш түрээслэх, хувийн онгоцоор зорчих зэрэгт их хэмжээний мөнгө үрсэн байна. Тухайлбал, Лос-Анжелес дахь нэгэн шөнийн клубт ганцхан орой 569 мянган ам.доллар зарцуулсан гэх баримт шүүхийн материалд дурдагджээ. Мөн ойролцоогоор 2 сая ам.долларын үнэтэй цаг худалдан авсан байна.
Энэ хэрэгт нийт 18 хүн холбогдон шалгагдаж байгаа бөгөөд Лам нь гэм буруугаа хүлээсэн 11 дэх хүн болжээ. Түүнд холбооны хуулийн дагуу 20 хүртэл жилийн хорих ял оноох боломжтой ч эцсийн ялыг шүүх дараа нь тогтооно.
Уг хэрэг нь криптовалютын технологийг өөрийг нь эвдэж бус, хүний итгэлцэл, сэтгэл зүйн сул талыг ашигласан “social engineering” буюу нийгмийн инженерчлэлийн аргаар асар их хэмжээний дижитал хөрөнгийг богино хугацаанд хулгайлах боломжтойг харуулсан томоохон жишээ болж байна.
Л.Баяр























































