
АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотын төвд лхагва гарагт буудалцаан болж, хоёр хүн амиа алдан, гурван цагдаа шархаджээ. Сэжигтэн мөн хэргийн газарт нас барсан байна. Буудалцаан хотын төвийн өндөр давхар орон сууцны барилгад орон нутгийн цагаар 16:30 цагийн орчимд болжээ. Цагдаагийн байгууллага буун дуу гарсан тухай дуудлага хүлээн авснаас гурав хүрэхгүй минутын дараа барилга руу орсон байна.
Алба хаагчид дээд давхарт гарч, буун дуу гарч буй чиглэл рүү очих үед үзэгдэх орчин хязгаарласан өтгөн утаа, манантай төстэй орчинтой тулгарчээ. Улмаар цагдаа нар руу гал нээсэн байна.
Гурван цагдаа шархадсаны хоёр нь бууны суманд өртжээ. Нэг цагдаагийн хөлөнд сум туссан бол өөр нэг нь хэвлий хэсэгтээ шархадсан байна. Гурав дахь цагдаа мөн гэмтэл авчээ. Шархадсан гурван цагдааг бүгдийг нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал тогтвортой байгаа талаар албаныхан мэдээлсэн байна.
Буудалцааны улмаас хоёр энгийн иргэн амиа алдсан байна. Нэг нь хэргийн газарт нас барсан бол нөгөө нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа шархаа даалгүй нас баржээ. Цагдаа нар сэжигтнийг мөн нас барсан байдалтай олсон ч түүний үхлийн шалтгааныг эхний байдлаар тодорхой мэдээлээгүй байна.
Хэргийн газарт Холбооны мөрдөх товчоо буюу FBI-ийн алба хаагчид ажиллаж, орон нутгийн хууль сахиулах байгууллагад шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэхээ мэдэгджээ. Миннесота мужийн захирагч Тим Уолз мөн цагдаа, аврагчдын аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж буй алба хаагчдад талархал илэрхийлсэн байна.
Л.Баяр

























































Сэтгэгдэл (3)