
Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen Group зардлаа бууруулах хүрээнд дахин 50 мянган ажлын байр цомхотгож, үйлдвэрлэдэг автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулахаар төлөвлөж байна. Тус компани Европ дахь Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн нэмэгдэж, АНУ-ын зах зээлд нийлүүлж буй автомашинуудад ногдуулах тарифын дарамт өссөнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргажээ.
Volkswagen мөн Германд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийнхээ үйлдвэрлэлийн хүчин чадал жилд ойролцоогоор 500 мянган автомашинаар илүүдэж байгааг тогтоосон байна. Гэхдээ яг аль үйлдвэрүүдэд ажлын байр цомхотгох эсвэл хаах талаар одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна. "Volkswagen Group" нь Volkswagen-оос гадна Audi, Porsche, Lamborghini зэрэг брэндүүдийг эзэмшдэг.
Volkswagen сүүлийн жилүүдэд ажиллах хүчээ цөөлөхийн зэрэгцээ хүчирхэг үйлдвэрчний эвлэлүүдтэйгээ зардал бууруулах асуудлаар удаан хугацаанд маргалдаж ирсэн. Компанийн мэдээллээр Германд ажиллаж буй ажилтнуудын тоо 2023 онд 275 мянга байсан бол 2026 оны зургадугаар сарын 30-ны байдлаар 254 мянга болж буурчээ. Шинэ төлөвлөгөө хэрэгжсэнээр хэрэглэгчид автомашины загварын сонголт багасахаас гадна хүссэн нэмэлт тоноглол, хувилбараа сонгох боломж нь хязгаарлагдана.
Volkswagen автомашины үйлдвэрлэлийн “нарийн төвөгтэй байдал”-ыг 75 хувиар бууруулахаар төлөвлөж байна. Ингэснээр нэг загварын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, зардал буурч, үйлдвэрлэлийн цар хүрээний үр ашиг сайжирна гэж компани үзэж байна.
Volkswagen мөн АНУ-ын импортын тарифын улмаас их хэмжээний нэмэлт зардал хүлээж байна. Компанийн тооцоолсноор АНУ-ын тариф энэ онд ойролцоогоор 4.7-5.8 тэрбум ам.долларын зардал үүсгэж болзошгүй байна. Volkswagen АНУ дахь үйлдвэрүүддээ жилд ойролцоогоор 200 мянган автомашин үйлдвэрлэдэг ч Европоос 240 мянга орчим, Мексикээс 287 мянган автомашин импортолдог. Европоос импортлох автомашинд 15 хувийн, Мексикээс импортлох автомашинд 27.5 хувийн тариф ногдож байна.
Volkswagen цахилгаан автомашины үйлдвэрлэлд томоохон шилжилт хийхээр төлөвлөж байсан ч АНУ-ын зах зээлд цахилгаан автомашины дэмжлэг буурснаар төлөвлөгөөгөө өөрчилж эхэлжээ. Тухайлбал, АНУ-ын зах зээлд зориулан үйлдвэрлэдэг ID.4 цахилгаан автомашины үйлдвэрлэлийг дөрөвдүгээр сард зогсоосон байна. Европын зах зээлд ч Volkswagen-ийн цахилгаан автомашины төлөвлөгөө Хятадын үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн нэмэгдсэнээс шалтгаалан дарамтад оржээ.
Доод өртөгтэй Хятадын автомашинууд Европын зах зээлд хүчтэй өрсөлдөж байгаа нь Volkswagen болон Германы нийт автомашины салбарт томоохон сорилт болж байна.
Доод Саксонийн мужийн ерөнхий сайд Олаф Лийс “Volkswagen болон Германы автомашины салбарт тулгарч буй сорилтууд асар их” хэмээн мэдэгдээд, олон улсын ширүүн өрсөлдөөний нөхцөлд Германы аж үйлдвэрийн суурийг хамгаалах худалдааны бодлого шаардлагатайг онцолжээ.
Л.Баяр

























































Сэтгэгдэл (1)