
Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгон, байшингууд сүйдэж, оршин суугчид гэртээ эргэн очиход хүндрэлтэй хэвээр байна. Ливаны өмнөд хэсгээр зорчиход замын хажуу дахь Ливаны болон “Хезболла”-гийн далбаанууд Израилын далбаагаар солигдох бөгөөд удалгүй Израилын цэргийн шалган нэвтрүүлэх цэгүүд харагдана. Байлдааны ажиллагааны улмаас олон байшин сүйдэж, зарим тосгон бараг бүхэлдээ балгас болсон байна.
Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливаны зарим хэсэгт христийн шашинтнуудын амьдардаг гурван тосгонд нөхцөл байдалтай танилцжээ. Эдгээр тосгон шиит шашинтнууд олноор амьдардаг зарим сууринтай харьцуулахад харьцангуй бага хохирол амссан ч оршин суугчдын амьдрал хэвийн байдалдаа ороогүй байна.
Израил “Хезболла”-гийн халдлагаас хойд нутгийн иргэдээ хамгаалах зорилгоор Ливаны нутаг дэвсгэрийн ойролцоогоор 10 километрийн гүнд аюулгүй бүс байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Үүний хүрээнд явуулсан цэргийн ажиллагаагаар олон тосгон, орон сууц, дэд бүтэц сүйдэж, олон мянган хүн гэр орноо орхин дүрвэсэн байна. Гал зогсоох тохиролцоо хэрэгжиж байгаа хэдий ч Өмнөд Ливанд Израилийн цохилтууд үргэлжилсээр байна. Харин Израиль эзэлсэн нутаг дэвсгэрээсээ цэргээ бүрэн татах эсэх асуудал тодорхойгүй хэвээр байна.
Махмуд Дарвиш таван сарын турш дүрвэсний эцэст долдугаар сард тосгондоо эргэн иржээ. Түүний гэр ихээхэн сүйдсэнээс гадна амьдралынх нь гол эх үүсвэр болсон чидун жимсний моднууд устсан байна. Гэсэн ч тэр эх нутгаа орхих бодолгүй байгаагаа хэлжээ. “Ямар ч дайсан биднийг нутгаас маань хэзээ ч хөөж чадахгүй. Бид энд байна, эндээ үлдэнэ” хэмээн Дарвиш ярьсан байна.
Ливаны тал Израилийг нутаг дэвсгэрээсээ цэргээ татах ёстой гэж үзэж байгаа бол Израиль цэргээ татахын өмнө “Хезболла”-г зэвсгээ хураахыг шаардаж байна. Ийнхүү гал зогсоох тохиролцоо байгаа ч Өмнөд Ливаны олон тосгонд дайн дуусаагүй хэвээр байна. Оршин суугчид сүйдсэн гэр орон, газар тариалангаа сэргээхийг хичээж байгаа ч цаашид юу болох нь тодорхойгүй байна.

























































Сэтгэгдэл (1)