
АНУ-д шатахууны үнэ өссөөр, хэрэглэгчдийн төсөвт улам хүнд дарамт болж байна. Хөдөлмөрийн баярын амралтын үеэр бензиний улсын дундаж үнэ галлон тутамд 4.14-4.15 ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлт тогтоожээ. Шатахууны үнийн өсөлтийн гол шалтгаан нь Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн, дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тасалдалтай холбоотой байна. АНУ, Ираны хооронд үргэлжилж буй дайн нь газрын тосны зах зээлд тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд дарамт учруулжээ.
Үүний зэрэгцээ ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдэд гарсан халдлага, Ойрхи Дорнодын нефть боловсруулах байгууламжуудын доголдол, Хормузын хоолойгоор дамжих тээвэрлэлтийн хүндрэл зэрэг нь нийлүүлэлтийг улам хязгаарласан байна.
АНУ-ын дизель түлшний үнэ бүр ч өндөр өсөж, галлон тутамд дунджаар 5.85-5.90 ам.долларт хүрчээ. Энэ нь тээврийн салбар төдийгүй бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлөх эрсдэлтэй. Учир нь дизель түлшний үнэ нэмэгдэхэд ачаа тээврийн зардал дагаж өсдөг.
Газрын тосны үнэ ч мөн сүүлийн саруудын хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 97 орчим ам.долларт хүрсэн бол WTI төрлийн газрын тосны үнэ 93 ам.долларын орчимд хэлбэлзэж байна. Гэсэн хэдий ч зарим шинжээч шатахууны үнэ ойрын саруудад бага зэрэг буурах боломжтой гэж үзэж байна. Зуны аялал, автомашины хэрэглээний улирал дуусаж, шатахууны эрэлт буурах нь үнэд эерэгээр нөлөөлж болзошгүй аж.
Харин Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн үргэлжилж, газрын тосны нийлүүлэлтэд шинэ тасалдал үүсвэл шатахууны үнэ дахин өсөх эрсдэл хэвээр байна. Ийнхүү шатахууны үнийн өсөлт нь зөвхөн жолооч нарт төдийгүй тээвэр, хүнс, аялал жуулчлал зэрэг олон салбарт нөлөөлж, АНУ-ын инфляцын дарамтыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж байна.
Л.Баяр























































