
Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen компани Оснабрюк хот дахь үйлдвэрээ автомашин үйлдвэрлэхээс өөр зориулалтаар ашиглаж, батлан хамгаалахын үйлдвэрлэлийн төв болгохоор төлөвлөж байна.
Тус үйлдвэрийг Израилын хөрөнгө оруулалтын Aurelius компани болон Германы Доод Саксони муж хамтран худалдан авахаар тохиролцжээ. Шинэ эзэмшигчид Израилийн батлан хамгаалахын Rafael Advanced Defense Systems компанитай хамтран ажиллаж, үйлдвэрт агаарын довтолгооноос хамгаалах системийн эд анги, тоног төхөөрөмж үйлдвэрлэх боломжийг судалж байгаа аж.
Оснабрюкийн үйлдвэрт одоогоор 1800 орчим хүн ажилладаг. Volkswagen өмнө нь автомашины үйлдвэрлэлийг 2027 оны зун зогсоохоор төлөвлөж байсан ч батлан хамгаалахын үйлдвэрлэлд шилжүүлснээр олон зуун ажлын байрыг хадгалах боломжтой болж байна.

Энэхүү өөрчлөлт нь Европын улс орнууд батлан хамгаалах салбарын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтаа эрчимтэй нэмэгдүүлж буй үетэй давхцаж байна. Ялангуяа Орос-Украины дайн үргэлжилж, Европын орнууд өөрсдийн зэвсэг, цэргийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай тулгарсан юм.
Volkswagen-ийн хувьд Европын автомашины зах зээлийн эрэлт буурч, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэн, Хятадын үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ширүүссэн нь зарим үйлдвэрүүдийн ирээдүйг эргэлзээтэй болгосон. Тиймээс Оснабрюкийн үйлдвэрийг өөр салбарт ашиглах нь компанийн бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг болж байна.
Гэхдээ үйлдвэрийн шинэ зориулалттай холбоотой эцсийн хэлцэл хараахан бүрэн батлагдаагүй бөгөөд холбогдох зохицуулагч байгууллагуудын зөвшөөрөл шаардлагатай байна. Ийнхүү автомашин үйлдвэрлэж ирсэн Volkswagen-ийн үйлдвэр Европын батлан хамгаалахын үйлдвэрлэлийн чухал хэсэг болох шинэ замд орж байна.
Л.Баяр





















































