
Виткофф, Кушнер нар Зеленскийтэй уулзаж, цаашдын хэлэлцээний талаар ярилцжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай төлөөлөгч Стив Виткофф болон түүний хүргэн Жаред Кушнер нар Украины нийслэл Киевт айлчилж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзлаа. Гэвч талуудын уулзалтаар Орос-Украины дайныг зогсоох талаар тодорхой тохиролцоонд хүрч чадсангүй. Энэ нь Виткофф, Кушнер нарын дайн эхэлснээс хойш Украинд хийж буй анхны айлчлал юм. Тэд Киевт очихын өмнө Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй гурван цаг орчим уулзсан байна.
Москва дахь уулзалтыг Кремль “үр дүнтэй” хэмээн тодорхойлж, Америкийн төлөөлөгчид Украины дайныг дуусгах боломжит арга замын талаар хэд хэдэн санал дэвшүүлсэн гэж мэдэгдсэн. Гэвч уг уулзалтаар тодорхой гэрээ, шийдвэр гараагүй юм. Киевт болсон уулзалтын дараа Виткофф хэлэлцээг “чухал, үр дүнтэй” байсан гэж үнэлж, цаашид ахиц гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн АНУ-ын тал Орос, Украины хооронд шууд яриа хэлэлцээг дахин эхлүүлэх боломжийг эрэлхийлж байгаа аж.
Харин Зеленский дайныг ойрын хугацаанд дуусгах талаар бодит ахиц гараагүйг хүлээн зөвшөөрч, “дайн өвөл хүртэл үргэлжлэх төлөвтэй байна” гэж мэдэгдсэн байна.
Уулзалтын үеэр Украины тал АНУ-аас агаарын довтолгооноос хамгаалах тусламж, тэр дундаа Patriot пуужингийн системийн дэмжлэг авах асуудлыг хөнджээ. Мөн ирэх өвөл эрчим хүчний дэд бүтцийг хамгаалах, цэргийн тусламжийг нэмэгдүүлэх талаар ярилцсан байна.
Киевийн уулзалтад Их Британи, Франц, Германы төлөөлөгчид мөн оролцсон бөгөөд цаашид АНУ, Украин, Европын орнуудын хоорондын яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр болжээ. АНУ-ын төлөөлөгчид цаашид Орос, Украины гурван талт хэлэлцээг сэргээх найдвар тавьж байгаа ч нутаг дэвсгэрийн маргаан, Украины аюулгүй байдлын баталгаа болон Оросын тавьж буй шаардлагууд гол саад хэвээр байна.
Үүний зэрэгцээ хоёр улсын хоорондын байлдааны ажиллагаа үргэлжилж байна. АНУ-ын төлөөлөгчдийн айлчлалтай давхцуулан Киев, Москва руу хийх цохилтыг түр хугацаанд хязгаарласан боловч Украины бусад бүс нутагт Оросын пуужин, дроны халдлага үргэлжилжээ.
Л.Баяр




















































