
Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ангиографийн аппаратыг суурилууллаа.
Германы Улсын Siemens healthineers үйлдвэрлэгчийн Artis Zee Biplane загварын энэхүү аппарат нь судсан дотуурх оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай аппарат юм.
Титэм судасны оношилгоо эмчилгээ, цээж болон хэвлийн хөндийн судсан дотуурх оношилгоо эмчилгээг авахын тулд иргэд улсын хоёр гуравдугаар шатлалын эмнэлгийг зорих шаардлагагүй дүүргийн эмнэлгээсээ цаг алдалгүй тусламж үйлчилгээг авах боломж бүрдэж байна.
Энэхүү аппарат ашиглалтад орсноор:
• Титэм судасны нарийслыг баллоноор тэлэх
• Стент тавих
• Хөл, гарын захын судасны бөглөрөл/нарийслыг эмчлэх
• Тархины судасны эмгэгт судсан дотуурх эмчилгээ хийх
• Хавдрын тэжээгч судсанд эмчилгээ хийх
• Зарим судасны гаж хөгжил, аневризмыг судсан дотуурх аргаар эмчлэх
• Дүрсийн хяналттай биопси болон бусад ажилбар хийгдэнэ.
Дүүргийн эмнэлгүүдээс анх удаа Сонгинохайрхан дүүрэг ангиографийн аппараттай болж байна.
























































