
NBA-ийн супер од Дуайт Ховард Монголын сагсанбөмбөгийн дээд лигийн SG Apes багт ирсэн билээ. Тэгвэл бид түүний 20 орчим жилийн мэргэжлийн сагсан бөмбөгийн замналыг эргэн сөхөж байна. NBA-ийн супер од, найман удаагийн All-Star, 2020 оны аварга тэрбээр карьерынхаа турш долоон багийн өмсгөл өмсөж, 2025 онд Сагсан бөмбөгийн алдрын танхимд нэрээ мөнхөлсөн юм.
Дуайт Ховардын сагсан бөмбөгийн замнал

2004 он – Орландо Мэжик:
Ахлах сургуулиа төгсөөд их сургуульд суралгүй шууд NBA-ийн драфтад орсон Ховард 2004 онд нийт драфтын №1-ээр Орландо Мэжикт сонгогджээ. Тэрээр тус багт найман улирал тоглож, NBA-ийн шилдэг төвийн тоглогчдын нэг болсон.2008–2011 он – НБА-гийн хамгаалалтын хаан:
Ховард 2008 онд Slam Dunk тэмцээнд түрүүлж, улмаар 2009, 2010, 2011 онд дараалан гурван удаа NBA-ийн шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг хүртсэн. Мөн Орландог 2009 оны NBA-ийн финалд хүргэсэн юм.2012 он – Лос Анжелес Лейкерс:
Орландогоос явсныхаа дараа Лейкерст нэг улирал тоглосон ч гэмтэл болон багийн дотоод асуудлаас шалтгаалан хүлээлтэд хүрсэнгүй.2013–2016 он – Хьюстон Рокетс:
Жеймс Харден тэргүүтэй Рокетст нэгдсэн ч гэмтэл, тоглолтын хэв маягийн асуудлаас болж өмнөх оргил түвшнээ бүрэн хадгалж чадсангүй. Дараа нь Атланта Хокс, Шарлотт Хорнетсийн бүрэлдэхүүнд тогложээ.2018–2019 он – Вашингтон Уизардс:
Уизардст нэг улирал тоглосныхоо дараа Мемфис Гриззлис рүү солигдсон ч удалгүй баг нь түүнээс татгалзсан.2019–2022 он – Лейкерс ба аваргын бөгж:
2019 онд Лейкерст эргэн ирсэн Ховард 2020 онд Леброн Жеймс, Энтони Дэвис нарын хамт NBA-ийн аварга болсон. Энэ нь түүний карьерын хамгийн том амжилтуудын нэг байв.2022 он – Тайвань:
NBA-ийн 18 улирлынхаа дараа Ховард Тайванийн "Taoyuan Leopards" багт тоглож, Азийн сагсан бөмбөгийн ертөнцөд шинэ хуудас нээсэн. Тэрбээр эхний тоглолтдоо 38 оноо, 25 самбар, 9 дамжуулалт, 4 хаалт хийсэн байдаг.
Ийнхүү дэлхийн сагсан бөмбөгийн оргил NBA-ээс Азийн лиг хүртэлх урт замыг туулсан Ховард одоо Монголчуудыг бахдуулах гэж байна. Түүний карьерын нийт дундаж үзүүлэлт 15.7 оноо, 11.8 самбар, 1.8 хаалт юм.
Л.Баяр

























































