
Сүүлийн 15 орчим жилийн хугацаанд хүмүүсийн хайр дурлал, болзооны харилцааг өөрчилсөн болзооны аппликэйшнүүд шинэ чиглэл рүү шилжиж байна. Өөрөөр хэлбэл, дэлгэцэн дээр танихгүй хүмүүсийн зургийг баруун, зүүн тийш тасралтгүй гүйлгэхээс илүүтэй хэрэглэгчдийг бодитоор уулзуулж, хамтдаа ямар нэгэн үйл ажиллагаанд оролцуулахад анхаарч эхэлжээ.
CNN-ийн мэдээлснээр, "Surf" нэртэй шинэ апп хэрэглэгчдэд спортоор хичээллэх сонирхол, амьдралын хэв маягаар нь тохирох хүнээ олох боломж олгож байна. Тухайлбал, фитнес, гүйлт зэрэгт дуртай хүмүүс ижил сонирхолтой хүнтэйгээ холбогдох боломжтой. Аппликэйшн нь уламжлалт шиг профайлыг нэг нэгээр нь “свайп” хийх бус, ойролцоогоор 30 профайлыг нэг дор харуулдаг байна.
"Surf"-ийн онцлог нь хэрэглэгчдийг зөвхөн цахим орчинд танилцуулаад орхихгүй, бодит амьдрал дээр уулзах нөхцөл бүрдүүлдэгт оршино. Тус апп "Hyrox" нэртэй фитнесийн арга хэмжээтэй хамтран ажиллаж, хэд хэдэн хотод хосоороо оролцох “blind date” буюу урьдчилан танилцаагүй хүмүүсийн болзоог зохион байгуулжээ.
![]()
Үүний нэг жишээ нь 33 настай контент бүтээгч Роб Перез юм. Тэрбээр өөртэй нь адил дасгал хөдөлгөөн хийх дуртай хүнтэй танилцахыг хүсдэг байсан бөгөөд Surf-ээр дамжуулан Грейстэй танилцжээ. Тэд Hyrox-ийн хосын болзоонд оролцсоныхоо дараа харилцаагаа үргэлжлүүлж, одоо тогтвортой үерхэж байгаа аж.
Харин Нидерландад үүссэн "Breeze" апп бүр цааш алхжээ. Тус аппликэйшн хэрэглэгчдийг хооронд нь чатлуулахгүй. Харин тохирох хүмүүсийг сонгож, уулзах цаг, газрыг шууд санал болгодог байна. Хэрэглэгч өдөрт ойролцоогоор долоон профайлаас сонголт хийх бөгөөд одоо 6–10 ганц бие хүнийг нэг дор оролцуулсан групп болзоог ч зохион байгуулж эхэлжээ.

Энэ өөрчлөлт нь уламжлалт томоохон аппликэйшнүүдийн хэрэглэгчийн тоо буурч буй үетэй давхцаж байна. Tinder, Hinge, Match, OkCupid зэрэг аппликэйшнийг эзэмшдэг Match Group-ийн төлбөртэй хэрэглэгчдийн тоо нэг жилийн хугацаанд 6 хувиар буурч, 13.3 сая болсон байна. Харин Bumble-ийн төлбөртэй хэрэглэгчдийн тоо 16.4 хувиар буурч, 3.2 саяд хүрчээ.
Судалгаагаар болзооны апп хэрэглэгчдийн 78 орчим хувь нь “аппликэйшнээс залхах” буюу dating app burnout мэдэрч байгаагаа илэрхийлсэн байна. Үүнтэй зэрэгцэн бодитоор уулзаж танилцах арга хэмжээний эрэлт нэмэгдэж байгаа аж.
"Feeld" зэрэг хуучны аппликэйшнүүд ч энэ өөрчлөлтийг дагаж байна. Тус платформ хэрэглэгчдийг зөвхөн чатлах бус, хамтдаа хоббигоо сонирхох, тоглоом тоглох, авиралт хийх, шатар тоглох, явган аялалд оролцох зэрэг бодит уулзалтад уриалж байна.
Мөн "Bumble" уламжлалт “свайп”-ийн системээс гадна хүмүүсийг бодит амьдрал дээр уулзуулах шинэ боломж нэвтрүүлж байгаа бол Tinder өөрийн аппликэйшнд арга хэмжээний хэсэг бий болгохоор ажиллаж байна.
Ингэснээр болзооны аппликэйшний дараагийн үе нь “хэнийг баруун тийш свайп хийх вэ?” гэдгээс илүү “хэнтэй бодитоор уулзах вэ?” гэсэн асуултад төвлөрөх төлөвтэй байна. Цахим технологи хүмүүсийг хооронд нь холбох эхний алхам хэвээр боловч жинхэнэ харилцаа дэлгэцийн цаана бус, бодит амьдрал дээр бий болдог гэсэн хандлага дахин хүчээ авч байна.
Л.Баяр






















































