
Йемений Хусит хөдөлгөөн Улаан тэнгисийн өмнөд хэсэгт орших стратегийн чухал Баб-эль-Мандебын хоолойн орчимд байр сууриа бэхжүүлж, дэлхийн худалдаа, эрчим хүчний нийлүүлэлтэд шинэ эрсдэл үүсгээд байна. Ирантай холбоотон Хуситууд Йемений Улаан тэнгисийн эрэг дагуух Моха боомт болон Баб-эль-Мандебын хоолой дахь Перим буюу Майюн арлыг хяналтдаа авсан байна. Ингэснээр Ази, Европыг холбосон олон улсын худалдааны хамгийн чухал далайн замуудын нэгийн аюулгүй байдалд ноцтой эргэлзээ үүсэв.
Баб-эль-Мандебын хоолой нь Улаан тэнгисийг Аденийн булан болон Энэтхэгийн далайтай холбодог. Тус замаар нефть төдийгүй олон төрлийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг бөгөөд Европ, Ази хоорондын далайн худалдаанд Суэцийн сувгийн гол гарцын нэг болдог.
Хэрэв тус хоолойн тээвэрлэлтэд томоохон саад учирвал хөлөг онгоцууд Африкийн өмнөд хэсгийг тойрон явах шаардлагатай болно. Энэ нь аяллын зай, хугацааг эрс нэмэгдүүлж, шатахуун болон даатгалын зардлыг өсгөх эрсдэлтэй. Өмнөх Хуситуудын халдлагын үеэр ч Улаан тэнгисийн тээврийн урсгал эрс буурч байсан талаар мэдээлж байв.
Одоогийн нөхцөл байдал нефтийн зах зээлд бүр ч эмзэг үед тохиож байна. Ормузын хоолойн орчимд нийлүүлэлт тасалдаж байгаа энэ үед Саудын Араб нефтийн экспортоо Баб-эль-Мандебын чиглэлээр дамжуулахын ач холбогдол нэмэгдсэн байлаа. Харин Хуситуудын давшилт энэ хувилбарт ч эрсдэл бий болгож байна.

Үүнтэй зэрэгцэн Саудын Арабын East-West нефтийн хоолойд халдлага болж, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон нь дэлхийн нефтийн нийлүүлэлтэд нэмэлт дарамт үүсгэжээ. Нефтийн үнэ баррель нь 100 ам.доллараас давсан хэвээр байгаа бөгөөд Ойрхи Дорнодын нөхцөл байдал цаашид хурцадвал үнэ дахин өсөх эрсдэлтэй байна.
Шинжээчдийн хувьд Баб-эль-Мандебын хоолойн асуудал зөвхөн бүс нутгийн аюулгүй байдлын асуудал биш гэж үзэж байна. Тээврийн зардал нэмэгдэх, нефть болон шатахууны үнэ өсөх, улмаар хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх замаар дэлхийн эдийн засагт нөлөөлөх боломжтой.
Ийнхүү Ормузын болон Баб-эль-Мандебын хоолой зэрэг дэлхийн эрчим хүч, худалдааны гол зангилаанууд нэгэн зэрэг эрсдэлд орж байгаа нь нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдлыг улам тодотгож байна.
Л.Баяр




























































