
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлд эхэлжээ. Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн 293619 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтад зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулснаар томуугийн халдвараас үүдэх эрсдэлийг 75 хүртэлх хувиар бууруулах боломжтой аж.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 146 мянган иргэнийг томуугийн вакцинд хамруулж, томуугаар өвдөх эрсдэлийг 13 хувиар бууруулсан байна. Харин энэ жил 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан болон архаг суурь өвчтэй иргэдийг зорилтот бүлэгт хамруулж байгаа юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатарын мэдээлснээр, өнгөрсөн жил нийслэлд томуугийн 106912 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт өвчлөгсдийн 50 хүртэлх хувийг 0-6 насны хүүхдүүд эзэлжээ. Нийслэлд 0-6 насны 230 орчим мянган хүүхэд амьдардаг бөгөөд тэдний 210 мянга буюу 80-аас дээш хувийг томуугийн вакцинд хамруулахаар төлөвлөж байна.
Томуугийн улирлын идэвхжил аравдугаар сарын дунд үеэс нэмэгддэг тул өвчлөл эрчимжихээс өмнө иргэдийг дархлаажуулалтад хамруулахыг зорьж байгаа аж. Вакцин хийлгэснээс хойш 10-14 хоногийн хугацаанд дархлаа тогтож, томуугийн халдвараас сэргийлэх хамгаалалт үүсдэг байна.
Иргэд өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвд хандаж, томуугийн вакцинд хамрагдах боломжтой.




















































