
Азийн хүний хөгжлийн төвийн Удирдах зөвлөлийн дарга Чиба Хисаог хүлээн авч уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг боловсролд тэгш хамруулах, цаашид бие даан амьдрах болон хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Боловсролын яамнаас хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд боловсролын болон дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн, энэ хичээлийн жилээс туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн.
Үүний хүрээнд оюуны бэрхшээлтэй хүүхдүүд суурь боловсрол эзэмшихийн зэрэгцээ мэргэжлийн сургалтад хамрагдаж, ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай дадал, чадварт суралцах боломж бүрдэнэ.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг бие даан амьдрах дадал, чадварт сургахын зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр тасралтгүй дэмжлэг үзүүлэх үйлчилгээний тогтолцоог бий болгох зорилт тавьж байна.
Энэ хүрээнд Азийн хүний хөгжлийн төвтэй хамтран Ниппон сангийн санхүүжилтээр таван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхэд Боловсролын яамны зүгээс дэмжиж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллана.





















































