
Их Британи Йемений хуситуудын халдлагаас хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Саудын Арабт хязгаарлагдмал хугацаатай цэргийн тусламж үзүүлэхээр болжээ. Их Британийн Ерөнхий сайд Энди Бёрнхэм есдүгээр сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк руу явах замдаа энэ талаар мэдэгдсэн байна.
Түүний мэдээлснээр Саудын Арабын талаас цэргийн тусламж хүссэн бөгөөд Батлан хамгаалахын болон Гадаад хэргийн сайд нартай зөвлөлдсөний дараа уг хүсэлтийг зөвшөөрчээ. Эхний ээлжид Их Британийн Хатан хааны Агаарын цэргийн хүчний нэг Voyager шатахуун цэнэглэгч онгоцыг Саудын Арабын байлдааны онгоцуудад агаарт түлш цэнэглэх ажиллагаанд ашиглахаар төлөвлөж байна. Тус ажиллагаа ойрын өдрүүдэд эхлэх бөгөөд хэдэн долоо хоногоор хязгаарлагдана гэж мэдээлжээ.
Бёрнхэм Их Британийн үзүүлж буй дэмжлэгийг “хамгаалалтын” шинжтэй гэж тодорхойлсон байна. Түүний хэлснээр Саудын Араб сүүлийн үед халдлагад өртөж байгаа бөгөөд бүс нутгийн нөхцөл байдал цаашид тогтворгүйжих эрсдэлтэй байгаа тул худалдаа, эрчим хүчний чухал замуудыг нээлттэй байлгах нь Их Британи болон бүс нутгийн ашиг сонирхолд нийцнэ.

Энэ шийдвэр нь Йемений хуситууд Саудын Арабын нутаг дэвсгэр рүү баллистик пуужин, дрон ашигласан халдлагуудаа эрчимжүүлсэн үед гарч байна. Хуситууд Саудын нийслэл Эр-Рияд болон эрчим хүчний байгууламжуудыг онилсон халдлага үйлдсэн бөгөөд зарим пуужин, дроныг агаарын довтолгооноос хамгаалах системээр устгасан байна.
Мөн хуситууд Улаан тэнгис болон Баб-эль-Мандебийн хоолой дахь Саудын Арабтай холбоотой усан тээврийн хөдөлгөөнд хориг тавьснаа мэдэгдсэн байна. Баб-эль-Мандебийн хоолой нь олон улсын худалдаа, эрчим хүчний тээвэрт стратегийн ач холбогдолтой усан зам юм.
Их Британи өмнө нь Саудын Арабын агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор тус улсад Sky Sabre систем байршуулж байсан. Лондон хуситуудын халдлагыг буруушааж, бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжих, энгийн иргэдийг хамгаалах чиглэлээр түнш орнуудтай хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.
Л.Баяр

























































