
Баавгайтай зэрлэг байгальд тааралдах нь ховор боловч ийм нөхцөлд хэрхэн зөв үйлдэл хийхээ мэдэх нь амь насанд чухал ач холбогдолтой. Олон улсын байгаль хамгааллын байгууллагууд баавгайтай тулгарсан үед хамгийн түрүүнд сандрахгүй, гүйхгүй байхыг зөвлөдөг.
АНУ-ын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алба, Канадын Parks Canada зэрэг байгууллагын зөвлөмжөөр баавгай хүн рүү дайрах шалтгаан, тухайн амьтны зан авираас хамааран авах арга хэмжээ өөр байдаг.
1. Гүйж болохгүй

Баавгайг хараад зугтаж гүйх нь хамгийн түгээмэл гаргадаг алдаа. Баавгай хүнээс хавьгүй хурдан гүйж чаддаг бөгөөд гүйх үйлдэл нь хөөцөлдөх зан авирыг өдөөж болзошгүй.
2. Тайван бай

Баавгайтай ойрхон таарсан бол сандралгүй, огцом хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй. Тайван хоолойгоор ярьж, өөрийгөө хүн гэдгийг ойлгуулна.
3. Аажмаар ухар

Баавгай руу нуруугаа харуулан гүйхгүй. Харин амьтныг ажигласан хэвээр аажмаар ухарч, түүнд зугтах зам үлдээнэ.
4. Хүүхдээ хамгаал

Хүүхэдтэй хамт явж байгаа бол хүүхдийг ойр байлгаж, боломжтой бол тэвэрч авна. Хүүхдийг ганцааранг нь гүйлгэж болохгүй.
5. Баавгайд ойртож зураг авах гэж оролдохгүй байх

Баавгай тайван байгаа мэт харагдсан ч ойртож болохгүй. Ялангуяа бамбарууштай эх баавгай маш хамгаалалтын зан авир гаргаж болзошгүй.
6. Хоол өгч болохгүй

Баавгайд хоол шидэх, цүнхээ зориудаар орхих зэрэг нь зөв арга биш. Хүний хоолонд дассан баавгай цаашид хүн рүү ойртох эрсдэл нэмэгддэг.
7. Bear spray хэрэглэж сур

Баавгай элбэг бүс нутагт аялж байгаа бол зориулалтын bear spray авч явахыг олон улсын байгууллагууд зөвлөдөг. Гэхдээ зөвхөн авч явах бус, урьдчилан хэрхэн ашиглахыг мэддэг байх нь чухал.
8. Хамгаалалтын дайралтыг тань

Хэрэв баавгай санамсаргүй цочоосон, бамбаруушаа эсвэл хоол хүнсээ хамгаалж байгаа үедээ дайрвал энэ нь хамгаалалтын дайралт байж болно. Ийм үед нөхцөл байдлыг улам хурцатгахгүй байх нь чухал.
9. Яаралтай горим

Хүрэн баавгай хамгаалалтын шинжтэй дайралт хийж, биед хүрсэн тохиолдолд олон улсын зөвлөмжид гэдсээрээ доош харж хэвтэн, хүзүү болон толгойн ар талыг гараараа хамгаалахыг зөвлөдөг. Харин баавгай хүнийг мөрдөж, зориудаар агнаж байгаа мэт байвал эсвэл майханд орж ирвэл нөхцөл байдал өөр. Ийм үед үхсэн мэт хэвтэхгүй, идэвхтэй эсэргүүцэн өөрийгөө хамгаалах зөвлөмж байдаг.
10. Баавгайн төрлөөс гадна зан авирыг ажигла

“Хүрэн баавгай бол ингэнэ, хар баавгай бол тэгнэ” гэсэн энгийн дүрэмд найдах нь хангалтгүй. Баавгай ямар шалтгаанаар ойртсон, таныг дагаж байгаа эсэх, хамгаалалтын зан авир гаргаж байгаа эсэх зэрэг нөхцөл байдлыг харгалзах хэрэгтэй. Эцэст нь сануулахад, баавгайтай таарсан үед хамгийн чухал гурван зүйл бол гүйхгүй байх, тайван байх, баавгайд зай гаргаж өгөх юм. Харин дайралт бодитоор эхэлсэн тохиолдолд баавгайн зан авир, дайралтын нөхцөлөөс хамааран хамгаалах арга хэмжээ өөрчлөгдөнө.
Л.Баяр




















































Сэтгэгдэл (1)