
Их Британийн хаан III Чарльзын анхны эхнэр, Диана гүнжийг 1997 онд нас барснаас хэдхэн хоногийн дараа хаан түүнийг “удахгүй мартах болно” гэж хэлсэн хэмээн Дианагийн төрсөн ах Чарльз Спенсер дурсжээ. Энэ тухай түүний удахгүй хэвлэгдэх дурсамж номд өгүүлсэн бөгөөд Букингемийн ордон уг мэдэгдэлд хариу тайлбар өгсөн байна.
Чарльз Спенсерийн “Swan Song: Diana, My Sister” хэмээх дурсамж номд өгүүлснээр, Диана гүнжийг оршуулах ёслолын бэлтгэлийн үеэр түүний хоёр хүү болох Уильям, Харри нар авсны араас алхах эсэх асуудлаар маргаан гарсан байна.
Тухайн үед Уильям 15, Харри 12 настай байжээ. Спенсер дүүгийнхээ хөвгүүдийг ийм хүнд, олны анхаарлын төвд байх ёслолд оролцуулахыг эсэргүүцэж, Диана өөрөө ч үүнийг хүсэхгүй байсан гэж үзсэн байна.

Түүний дурсамжид бичсэнээр, энэ асуудлаар тухайн үеийн Уэльсийн хунтайж Чарльзтай утсаар ярьж, ширүүн маргалджээ. Спенсерийн өгүүлснээр, Чарльз хэсэг чимээгүй байсныхаа дараа “Түүнийг удахгүй мартах болно, санаа зоволтгүй” хэмээн хэлсэн аж. Энэ үгэнд цочирдсон Спенсер яриаг дуусгасан гэжээ.
Энэ мэдэгдэлд Букингемийн ордны төлөөлөгч хариулахдаа, хааны гэр бүл номын агуулгын талаар зарчмын хувьд тайлбар хийдэггүй гэдгийг онцолсон байна. Гэхдээ хаан III Чарльзын байр суурийг уламжилж, ойр дотнын хүнээ алдсаны уй гашуу нь хүний бодол санаа, шийдвэр гаргалт, дурсамжид нөлөөлж болзошгүйг дурджээ.
Диана гүнж 1997 оны наймдугаар сарын 31-нд Парист автомашины ослоор 36 насандаа нас барсан юм. Түүний ах Спенсер уг номоороо дүүгийнхээ амьдралыг өөрийн өнцгөөс үнэн зөв, эерэгээр өгүүлэхийг зорьж байгаагаа мэдэгджээ. Номыг есдүгээр сарын 22-нд хэвлэн гаргахаар төлөвлөсөн байна.
Л.Баяр



















































