
Японы зүүн хэсгийг хүчтэй хар салхи дайран өнгөрсний улмаас хоёр сая орчим хүнд нүүлгэн шилжүүлэх зөвлөмж өгч, үер, хөрсний нуралт болон хүчтэй салхины аюулаас сэрэмжлүүлжээ. “Дужуан” хар салхи есдүгээр сарын 21-нд Токио хотын ойролцоох Чиба мужийн эрэгт хүрч, цагт 130 км орчим тогтвортой салхилж, салхины хурд зарим үед 194 км/цагт хүрсэн байна. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр хар салхи мягмар гарагт зүүн хойд зүгт шилжин, Номхон далай руу холдож эхэлсэн ч их хэмжээний бороо үргэлжлэн орох эрсдэлтэй хэвээр байжээ.
Хүчтэй аадар борооны улмаас Токио орчмын Чиба болон Канагава мужид хөрсний нуралт үүсэж, хүний амь нас хохирсон байна. BBC-ийн мэдээллээр хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн сураггүй болсон талаар Японы олон нийтийн телевиз NHK мэдээлжээ. Харин мягмар гарагийн дараагийн мэдээллүүдэд хохирогчдын тоо нэмэгдсэн тухай мэдээлэл гарсан байна.

Мөн хар салхины улмаас 50 мянга гаруй өрх цахилгаангүй болж, олон зуун нислэг цуцлагджээ. Japan Airlines 135 нислэгээ, All Nippon Airways 140 нислэгээ цуцалсан бөгөөд зарим төмөр замын үйлчилгээг түр зогсоосон байна.
Хар салхи Токио болон ойролцоох бүс нутгийн өдөр тутмын амьдралд ч нөлөөлжээ. Токио хотод зохион байгуулагдаж байсан Tokyo Game Show үзэсгэлэнгийн сүүлийн өдрийн хөтөлбөрийг цуцалж, Чиба мужид болох хөгжмийн наадам болон бейсболын тоглолтыг мөн хойшлуулсан байна.
Японы Цаг уурын агентлаг өмнө нь зарим бүсэд есдүгээр сарын бүтэн сарын дунджаас давсан хэмжээний бороо орох боломжтойг анхааруулж, үер болон хөрсний нуралтаас сэрэмжлэхийг иргэдэд уриалсан байна. “Дужуан” нь 2026 онд Японд нэрлэгдсэн 25 дахь хар салхи бөгөөд Номхон далайн бүс нутагт хүчтэй шуурга, аадар бороо дараалан бүртгэгдэж буй үед тус улсыг дайран өнгөрчээ.
























































