
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний USS Abraham Lincoln нисэх онгоц тээгч хөлөг тэргүүтэй байлдааны бүлгийн бүрэлдэхүүнд алба хааж байсан найман цэрэг үүрэг гүйцэтгэх хугацаандаа амиа хорлохыг завдсан талаар Тэнгисийн цэргийн хүчний нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Хунг Као мэдээлжээ.
Као энэ мэдээллийг Нью-Йорк мужийн сенатор Кирстен Жиллибрандийн асуултад хариу болгон илгээсэн захидалдаа дурдсан байна. Түүний хэлснээр найман удаагийн оролдлого нь зөвхөн USS Abraham Lincoln хөлгийн багийнхныг бус, нисэх хүчний эскадриль, байлдааны бүлгийн штаб, дагалдан явсан эсминецүүд болон бусад нисэх бүрэлдэхүүний алба хаагчдыг хамарсан байна. Нийтдээ тус байлдааны бүлэгт 6000–7000 орчим цэрэг үүрэг гүйцэтгэжээ. Гэхдээ уг хугацаанд амиа хорлосон тохиолдол гараагүй гэж Као мэдэгдсэн байна.
USS Abraham Lincoln тэргүүтэй байлдааны бүлэг 2025 оны арваннэгдүгээр сараас эхлэн урт хугацааны үүрэг гүйцэтгэж, Ираны эсрэг явуулсан байлдааны ажиллагаанд оролцжээ. Хөлөг 286 хоног далайд байсан бөгөөд зургаан сар гаруй хугацаанд боомтод зогсолгүй ажиллагаа явуулсан байна. Ийнхүү удаан хугацаанд далайд байх нь ердийн ажиллагаанаас эрс ялгаатай нөхцөл үүсгэсэн гэж CNN мэдээлжээ.

АНУ-ын цэргийн нэг албан тушаалтан CNN-д ярихдаа сүүлийн үеийн нисэх онгоц тээгчийн бүлгүүдийн ажиллагааны үеэр жилд нэгээс хоёр удаа ийм оролдлого бүртгэгддэг байсан гэж хэлээд, найман тохиолдлыг өндөр үзүүлэлт хэмээн тодорхойлжээ. Тэрээр байлдааны ажиллагааны стресс, боомтын зогсолтгүй ажиллагаа, байнгын бэлэн байдал зэрэг нь цэргүүдэд ихээхэн дарамт учруулдаг гэж тайлбарласан байна.
Гэхдээ CNN-ийн мэдээлснээр тус байлдааны бүлгийн амиа хорлох оролдлогын түвшин нь АНУ-ын Тэнгисийн цэргийн нийт идэвхтэй алба хаагчдын 2024 оны үзүүлэлттэй ойролцоо байжээ. Тухайн онд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд 337 мянга орчим идэвхтэй алба хаагчийн дунд 356 удаагийн амиа хорлох оролдлого бүртгэгдсэн байна.
Сүүлийн саруудад USS Abraham Lincoln хөлгийн нөхцөл байдлын талаар мөн мэдээллүүд гарч, хүнсний болон бусад хангамжийн асуудал, сантехникийн доголдол, алба хаагчдын сэтгэл санааны байдалтай холбоотой асуудал яригдсан байна. Тэнгисийн цэргийн хүчний зүгээс харин хөлөг дээр сэтгэлзүйн тусламж, эмнэлгийн болон шашны зөвлөгөө өгөх мэргэжилтнүүд ажиллаж байсныг онцолжээ.
Л.Баяр























































