
Азийн зуны спортын XX наадам Японы Айчи мужийн Нагояа болон бусад хотод үргэлжилж байна. “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд усанд сэлэлтийн баг тамирчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 34 тамирчинтай оролцож байна.
Усанд сэлэлтийн тэмцээн Токио хотын “Aquatics Centre” спортын цогцолборт болж байгаа юм. Монголын тамирчид одоогоор “Aquatics Centre”-ийн усан замд дөрвөн удаа Монгол Улсынхаа дээд амжилтыг шинэчлээд байна. Тодруулбал 200 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд Э.Ариунтамир 2:20.58 секундын амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 100 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд Э.Нинжин 56.90 секундээр улсын дээд амжилт шинэчлэв. Манайхнаас хамгийн өндөр амжилтыг Б.Энххүслэн үзүүлсэн бөгөөд тэрбээр эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд Б.Энххүслэн 58.41 секундын амжилтаар 19 дүгээр байрт шалгарчээ.
Тэгвэл түүний дүү Б.Энхтамир эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд 50.67 секундээр улсын дээд амжилтыг шинэчилж, 22-р байр эзэлсэн юм. Мөн өврөөр даллах сэлэлтийн эмэгтэйчүүдийн 4х100 метрийн буухиа сэлэлтээр шигшээ баг тамирчид 4:05.81 минутын амжилтаар мөн л Монгол Улсын дээд амжилтыг шинэчллээ.























































