
Дэлхийн цаг уурын нөхцөлд хүчтэй нөлөө үзүүлдэг Эль-Ниньо үзэгдэл ирэх саруудад эрчимжвэл хэт халалтын улмаас дэлхий даяар 451 мянга орчим хүн нэмэлтээр амиа алдах эрсдэлтэй гэж шинэ судалгаанд тооцоолжээ. Чикагогийн их сургуулийн дэргэдэх Climate Impact Lab-ийн судлаачдын хийсэн тооцоогоор 2026 оны зургадугаар сараас 2027 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх хугацаанд Эль-Ниньогийн нөлөөгөөр ердийн жилүүдээс илүү олон хүн халуунтай холбоотой шалтгаанаар нас барах эрсдэлтэй байна.
Судлаачдын тооцоолсноор энэ хугацаанд дэлхийн хэмжээнд хэт халуун өдрүүдийн тоо 44 хувиар нэмэгдэж, хуурай газрын дундаж температур ойролцоогоор 1.2 хэмээр өсөж болзошгүй байна. Эдгээр өөрчлөлт нь өндөр настай хүмүүс, архаг өвчтэй иргэд, гадаа ажилладаг хүмүүс болон халуунд дасан зохицох боломж багатай хүн амд илүү их эрсдэл учруулна.
Эль-Ниньо нь Номхон далайн төв болон зүүн хэсгийн далайн гадаргын ус ердийнхөөс дулаарах үед үүсдэг байгалийн цаг уурын үзэгдэл юм. Энэ нь дэлхийн янз бүрийн бүс нутагт температур, хур тунадас, ган, шуурганы хэв маягийг өөрчилдөг. Харин уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн суурь температур аль хэдийн нэмэгдсэн байгаа нь Эль-Ниньогийн халалтын нөлөөг улам хүчтэй болгож болзошгүй байна.

Судалгаагаар Африкийн Сахелийн бүс хамгийн өндөр эрсдэлтэй газруудын нэгээр нэрлэгджээ. Тус бүсэд 66,800 орчим хүн нэмэлтээр халуунтай холбоотой шалтгаанаар нас барах эрсдэлтэй гэж тооцоолсон байна. Мөн Нигери, Индонез, Судан зэрэг оронд эрсдэл өндөр байж болзошгүй аж.
Судлаачид ийм төрлийн урьдчилсан тооцоолол нь зөвхөн ирээдүйн нас баралтыг тоолох бус, хэт халалтын өмнө эрт сэрэмжлүүлэх, эмнэлгийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх, сэрүүцүүлэх төв ажиллуулах зэрэг арга хэмжээг цаг алдалгүй авахад ашиглагдах боломжтой гэж үзэж байна.
Эль-Ниньогийн хүч, үргэлжлэх хугацаа цаашид хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалан бодит нөлөө нь энэхүү тооцооллоос зөрөх боломжтойг судлаачид мөн онцолжээ.
Л.Баяр























































