
Есдүгээр сарын 26-нд “Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийг зохион байгуулна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Отгонтамир дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Автомашингүй өдөр-2026” арга хэмжээний үеэр 07:00-18:00 цагийн хооронд тодорхой бүсүүдэд машины хөдөлгөөнийг хязгаарлана. Энэ өдөр цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан. “Автомашингүй өдөр”-ийн бүсчлэлд цахилгаан скүтер, мопед, суррон зэрэг цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй. Тус бүсэд оршин суудаг иргэд тээврийн хэрэгслээ өмнөх өдөр нь бүсчлэлээс гаргаж байрлуулахыг зөвлөж байна. “Шөнийн марафон”-ы үеэр цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Иймд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хуульд заасан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна” гэв.


























































