
1846 оны есдүгээр сарын 23-нд хүн төрөлхтөн тэнгэрт урьд өмнө нь мэдэгдээгүй байсан Далай ван гаргийг илрүүлсэн нь одон орон судлалын түүхэн дэх хамгийн гайхалтай нээлтүүдийн нэг болжээ. Сонирхолтой нь эрдэмтэд уг гаргийг эхлээд дурангаар хараагүй, харин математикийн тооцоогоор “хаана байгааг нь” урьдчилан тогтоосон байдаг.
1781 онд Уильям Хершель Тэнгэрийн ван гаргийг нээсний дараа одон орончид нарыг тойрох хөдөлгөөнийг нь олон жил ажиглажээ. Гэвч тооцоолол болон бодит ажиглалтад бага зэрэг зөрүү байнга гарч байв. Ньютоны таталцлын хуулиар тооцоход Тэнгэрийн ван тодорхой замаар хөдлөх ёстой атал зарим үед түүнээс хазайж байсан гэдэг.
Эрдэмтэд үүнийг Тэнгэрийн вангийн цаана байгаа, хараахан мэдэгдээгүй томоохон гараг таталцлын хүчээр нөлөөлж байгаатай холбоотой байж магадгүй гэж таамаглажээ. Тэгээд Францын математикч, одон оронч Урбен Лө Верье болон Английн Жон Куч Адамс нар бие даан математик тооцоо хийж эхэлсэн байна. Тэд Тэнгэрийн вангийн хөдөлгөөнд гарч буй маш бага өөрчлөлтүүдийг ашиглан үл үзэгдэх гараг ямар хэмжээтэй, нарнаас ойролцоогоор ямар зайд, тэнгэрийн аль хэсэгт байх ёстойг тооцоолохыг оролджээ.
Энэ нь үндсэндээ “гаргийг харж байгаад тооцоолсон” бус, харин гаргийн таталцлын нөлөөгөөр өөр нэг гараг хаана байгааг тогтоосон арга байв. Өөрөөр хэлбэл, үл үзэгдэх биетийн “ул мөр”-ийг Тэнгэрийн вангийн хөдөлгөөнөөс олжээ.
Лө Верье тооцооллын үр дүнгээ Германы Берлиний одон орны хүрээлэнгийн одон оронч Иоганн Готфрид Галлед илгээв. Галле 1846 оны есдүгээр сарын 23-24-нд дурангаар Лө Верьегийн заасан хэсгийг ажиглахад шинэ гараг түүний тооцоолсон байрлалаас ердөө нэг орчим градусын зайд байгааг олж харсан байна.
Ийнхүү математикийн тооцоогоор оршин байх нь урьдчилан тогтоогдсон гаргийг дурангаар баталгаажуулсан түүхэн үйл явдал болжээ. NASA болон НАСА-гийн харьяа JPL энэ нээлтийг одон орны механикийн томоохон амжилтын нэг гэж тодорхойлдог.
Далай ван нь Нараас дунджаар 4.5 тэрбум орчим километрийн зайд, Дэлхийгээс Нартай харьцуулахад ойролцоогоор 30 дахин хол оршдог бөгөөд Нарыг нэг бүтэн тойроход ойролцоогоор 165 жил зарцуулдаг. Тиймээс Далай вангийн нээлтийн хамгийн содон зүйл нь “эхлээд харсан, дараа нь тооцсон” биш, харин “эхлээд тооцсон, дараа нь харсан” явдал юм. Энэ нь математик байгаль дээрх үл үзэгдэх зүйлийг хүртэл урьдчилан таамаглаж чаддагийн сонгодог жишээ билээ.
Л.Баяр


























































