
Завхан аймгийн Улиастай суманд хэрэгжиж буй Үйлдвэрийн районы цэвэр усны сүлжээний болон 21 дүгээр зууны жишиг хорооллын шинээр хийгдсэн шугамыг төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажилтай 09 сарын 18-21-ны өдрийн хооронд ажлын хэсэг танилцсан. Энэ үеэр Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Нийтийн аж ахуйн "Амь-Ус" ХХК-ийн Захирал Д. Мягмардорж болон аймгийн удирдлагуудтай уулзаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцов.

Мөн Улиастай суманд шинээр ашиглалтад орж буй цэвэрлэх байгууламжийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон. Шинэ цэвэрлэх байгууламж нь орчин үеийн технологийн шийдлийг нэвтрүүлсэн, иж бүрэн лабораторитой, Улиастай хотын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахуйц, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон гэдгийг ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Түүнчлэн Увс аймгийн Улаангом суманд хэрэгжиж буй Улаантолгойн үерийн хамгаалалтын барилга байгууламжийг сэргээн засварлах ажил, цэвэрлэх байгууламжийн 4.5 км урттай шугамын трасс, шинэ цэвэрлэх байгууламжийн төслийн байршлууд дээр ажлын хэсэг мөн ажиллалаа. Энэ үеэр Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга, Засаг даргын орлогч С.Анхбаяр, аймгийн ерөнхий архитектор Т.Батбаяр болон холбогдох албаныхан бүтээн байгуулалтын ажилтай холбоотой тулгамдаж асуудлаа танилцуулж, цаг хугацаанд бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх талаар санал солилцож, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.




















































