
Их Британийн Манчестер хотын шүүхэд 60 гаруй насны эрэгтэй эхнэрээ 20 гаруй жилийн турш нууцаар эм, согтууруулах ундаагаар мансууруулж, улмаар бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан хэргээ хүлээлээ. Түүний нэрийг хохирогч эмэгтэйн нэр, хувийн мэдээллийг хамгаалах үүднээс нийтэд мэдээлээгүй байна. Тус эрэгтэй нь Их Манчестерийн Стокпорт орчимд амьдардаг байсан бөгөөд 2004-2025 оны хооронд эхнэрийнхээ эсрэг олон удаагийн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогджээ.
Есдүгээр сарын 14-нд тэрбээр Манчестер хотын "Minshull Street Crown Court"-д өмнө нь хүлээгээд байсан 15 хэрэг дээр нэмж 45 гэмт хэрэгт буруугаа хүлээснээр нийт 60 хэрэгт холбоотой болох нь тогтоогдлоо. Тэдгээрийн дотор 21 удаагийн хүчирхийлэл, 15 удаагийн нэвтлэн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг, 11 удаагийн бэлгийн халдлага, мөн эхнэрийнхээ зөвшөөрөлгүйгээр дотно зураг, дүрс бичлэгийг тараасан нэг хэрэг багтжээ. Түүнчлэн эхнэрээ мансууруулж, эсэргүүцэх чадваргүй болгох зорилгоор бодис хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуроруудын мэдээлснээр, эрэгтэй эхнэрээ гэрт нь байх үед нь эм, согтууруулах ундаа эсвэл тэдгээрийн хослолоор ухаангүй, өөрийгөө хамгаалах чадваргүй болгосныхоо дараа хүчирхийлдэг байжээ. Хэрэг явдал 20 гаруй жилийн турш үргэлжилсэн байна. Хохирогч эмэгтэй есдүгээр сарын 14-ний шүүх хуралд гэр бүлийн гишүүдийн хамт оролцож, нөхрөө гэм буруугаа хүлээхэд хамт байлцжээ. Олон улсын жишгээр бэлгийн гэмт хэргийн хохирогчид насан туршдаа нэрээ нууцлуулах эрхтэй байдаг.

Энэ хэрэг зөвхөн нэг хүний үйлдлээр хязгаарлагдахгүй байна. Түүний эхнэртэй холбоотой бэлгийн хүчирхийллийн хэрэгт 12 өөр эрэгтэй мөн холбогдон шалгагдаж байгаа бөгөөд тэд 2018-2025 оны хооронд янз бүрийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр буруутгагджээ. Тэдний дотор бэлгийн хүчирхийлэл үйлдэхтэй холбоотой хэргүүд байгаа боловч тэдгээр эрчүүдийн дийлэнх нь хэргийг үйлдээгүй хэмээцгээжээ.
Тэдний нэг болох 59 настай Кит Фотерингэм өмнө нь өөрт нь тавьсан дөрвөн зүйл ангид буруугаа хүлээсэн байна. Бусад холбогдогчдын шүүх ажиллагаа Манчестерийн "Minshull Street Crown Court"-д цөөнгүй сар үргэлжилнэ.
Л.Баяр























































