
Америкийн пүүзний "Converse" брэнд К-поп од Каринаг тоглуулсан сурталчилгаандаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг илэрхийлсэн дүрслэл ашигласан гэх шүүмжлэлд өртсөнийхөө дараа уг зургийг олон нийтийн сүлжээнээс татан авч, уучлал хүсжээ. Тус брэндийн инстаграм хуудсандаа нийтэлсэн сурталчилгаанд Өмнөд Солонгосын "aespa" хамтлагийн гишүүн Карина "70 X" загварын пүүз барьсан байв. Гэвч зурагт туссан гэрэл, дүрслэл нь АНУ-ын арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой "Ку-Клукс-Клан" бүлгийн цагаан юүдэнтэй хувцсыг санагдуулж байна гэж зарим хэрэглэгч шүүмжилжээ.


Мөн Карина пүүзийг үдээснээс нь барьсан байдал нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой дүүжлэн хороох үйлдлийг санагдуулж байна гэж шүүмжлэгчид үзсэн байна. Nike компанийн эзэмшлийн Converse брэнд уг маргаантай холбоотойгоор мэдэгдэл гаргаж, дүрслэлээс үүдсэн сөрөг хариу үйлдлийг хүлээн зөвшөөрчээ.
Тус компанийн мэдэгдэлд “Энэ зураг яагаад гүнээ бухимдуулж байгааг ойлгож байна. Бид алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна” хэмээн дурдсан байна. Мөн сурталчилгааг өөрийн сувгуудаас устгаж, нийтлэгдсэн бусад платформоос татан авах ажиллагаа явуулж байгаагаа мэдэгджээ.
Сурталчилгаа олон нийтийн сүлжээнд тарсны дараа хэрэглэгчид компанийн зар сурталчилгааг хянах, батлах үйл явцад шүүмжлэлтэй хандаж, уг ажлыг хариуцсан ажилтнуудад хариуцлага тооцохыг шаардсан байна. Зарим хэрэглэгч Converse брэндийг бойкотлохыг уриалжээ.

Харин зарим нь уг дүрслэлийг санаатайгаар бүтээсэн гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. АНУ-ын Техас мужид ажилладаг хүний эрхийн хуульч Ли Мерритт компанийн уучлал гуйж байгаа нь сурталчилгааг хянах шат бүрд гарсан алдааг арилгахгүй гэж инстаграм хуудсандаа бичжээ.
Тэрбээр "компаниуд ижил төрлийн алдааг дахин дахин гаргаж байгаа тул “Илүү сайн ажиллана” гэдэг нь хэрэглэгчдийг бухимдсаны дараа бус, сурталчилгаа цацагдахаас өмнө ийм асуудлыг илрүүлэхэд оршино" хэмээн онцолсон байна.
Converse компани сурталчилгааг хэрхэн хянаж, баталсан талаар нэмэлт тайлбар өгөхөөс татгалзжээ. Карина болон түүний харьяалагддаг "SM Entertainment" компани мөн уг маргаантай холбоотой мэдэгдэл хийгээгүй байна.
Л.Баяр
























































