
ОХУ-ын парламентын сонгуулийн санал хураалт есдүгээр сарын 20-нд өндөрлөж, Ерөнхийлөгч Владимир Путинийг дэмждэг “Нэгдсэн Орос” нам ялалт байгуулах төлөвтэй байна. Энэ удаагийн сонгууль нь ОХУ Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойших анхны парламентын сонгууль болж байгаа юм. CNN-ийн мэдээлснээр сонгуулийн өрсөлдөөн хязгаарлагдмал нөхцөлд явагдсан бөгөөд Путинийг дэмждэг “Нэгдсэн Орос” нам хэдэн хувийн санал авах нь гол анхаарлын төвд байлаа.
ОХУ-ын Сонгуулийн төв комиссын урьдчилсан мэдээллээр, “Нэгдсэн Орос” нам намын жагсаалтаар өгсөн саналын 57.54 хувийг авч, бусад намуудаас илт тэргүүлж байна. Гэхдээ эцсийн дүн есдүгээр сарын 25-наас өмнө гарахгүй аж.
2021 оны парламентын сонгуулиар “Нэгдсэн Орос” нам Төрийн думын 450 суудлын 324-ийг авсан юм. Харин энэ удаагийн сонгуульд сөрөг хүчний олон нэр дэвшигч оролцох боломжгүй болсон бөгөөд Кремлийг шүүмжилдэг улс төрийн хүчнүүдийн оролцоо өмнөхөөсөө илүү хязгаарлагдсан гэж CNN мэдээлжээ. Сонгуулийн үеэр цахим санал хураалт өргөн хүрээнд ашиглагдсан байна. Москва хотод иргэдийг цахимаар санал өгөхийг дэмжих зорилгоор урамшууллын оноо хүртэл санал болгожээ. Гэвч цахим санал хураалтын системийн ил тод байдалд шүүмжлэлтэй ханддаг хүмүүс энэ хэлбэрийг дахин шүүмжилсэн байна.

ОХУ-ын Сонгуулийн төв комиссын дарга Элла Памфилова сонгуулийн үеэр цахим санал хураалтын системд олон удаагийн кибер халдлага бүртгэгдсэн гэж мэдэгджээ. Түүний мэдээлснээр сонгуулийн дэд бүтцэд 3000 гаруй DDoS халдлага бүртгэгдсэн байна. Оросын эрх баригчид эдгээр халдлагыг сонгуулийн үйл явцыг тасалдуулах оролдлого гэж үзэж байгаа аж.
Мөн сонгуулийн санал хураалт Оросын хяналтад байгаа Украины нутаг дэвсгэрийн зарим хэсгийг хамарсан байна. Украин болон олон улсын байгууллагууд Оросын эзэлсэн нутаг дэвсгэрт явуулж буй ийм сонгуулийг хүлээн зөвшөөрдөггүй. Сонгуулийн ирц урьдчилсан байдлаар 56.66 хувьтай байжээ. Энэ үзүүлэлт эцсийн байдлаар өөрчлөгдөх боломжтой байна.
Сонгуулийн санал хураалтын сүүлийн өдөр Москва болон Москва мужид томоохон хэмжээний дроны халдлага болсон байна. ОХУ-ын эрх баригчид уг халдлагыг сонгуулийн үйл явцыг тасалдуулах зорилготой байсан гэж мэдэгдсэн боловч энэ тайлбарыг бие даасан байдлаар баталгаажуулсан мэдээлэл одоогоор байхгүй байна. Ийнхүү ОХУ-ын парламентын сонгууль өндөрлөсөн ч Төрийн думын 450 суудал хэрхэн хуваарилагдах нь эцсийн дүн гарсны дараа тодорхой болно. Харин урьдчилсан дүнгээр “Нэгдсэн Орос” нам тэргүүлж байгаа бөгөөд Кремль энэ сонгуулийн дүнг дотоодын улс төрийн бодлого болон Украины дайныг дэмжиж буй олон нийтийн байр суурийг харуулах нотолгоо болгон тайлбарлах төлөвтэй байна.
Л.Баяр






















































