
АНУ-ын олон бизнес эрхлэгч нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, эрчим хүч болон тээврийн зардлын өсөлт, инфляцын дарамт зэрэг олон хүчин зүйл давхцсанаар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад улам хүнд болж байна. CNN-ийн мэдээлснээр, бизнес эрхлэгч өнөөгийн нөхцөл байдлыг COVID-19 цар тахлын үеийн хямралаас ч илүү төвөгтэй гэж тодорхойлсон байна.
Үүний нэг жишээ нь Хойд Каролина мужийн Ралей хотод төвтэй Dilworth Coffee компанийн захирал Жефф Вожта юм. Тус компани 2024 онд Бразилд кофены ургац муудсанаас шалтгаалж түүхий эдийн үнэ огцом өсөхтэй нүүр тулсан бол дараа жил нь АНУ-ын тарифын бодлого кофены үнийг дахин нэмэгдүүлсэн байна.

Харин 2026 онд эрчим хүч, тээвэр, нийлүүлэлтийн шинэ хүндрэлүүд нэмэгджээ. Улаан тэнгис дэх нөхцөл байдал, Ойрхи Дорнодын дайн, Оросын дизель түлшний экспортын хязгаарлалт болон цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нийлүүлэлтийн сүлжээнд давхар дарамт болж байна. Дизель түлшний үнэ гуравдугаар сараас хойш хоёр дахин өссөн байна.

Мөн Шанхайн боомтод дараалсан хар салхи дэгдсэнээр дэлхийн хамгийн том контейнер боомтын үйл ажиллагаа хоёр долоо хоног орчим саатаж, тээвэрлэлтийн хугацаа уртсажээ. Flexport компанийн гүйцэтгэх захирал Райан Петерсен 25 жилийн логистикийн туршлагадаа ийм хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарч байгаагүй гэж ярьсан байна. Улаан тэнгис дэх халдлагуудаас зайлсхийхийн тулд зарим хөлөг онгоц Африк тивийг тойрон тээвэрлэх болсон нь дэлхийн далайн тээврийн хүчин чадлыг энэ онд ойролцоогоор 15 хувиар бууруулсан гэж тэр хэлжээ.
Нийлүүлэлтийн сүлжээний асуудлыг COVID-19-ийн үеийн хямралтай харьцуулахад нэг гол ялгаа байгаа аж. Цар тахлын үед тээвэр үндсэндээ зогсонги байдалд орсон бол одоо тээвэр үргэлжилж байгаа ч илүү өндөр зардал, саатал, тодорхойгүй байдалтай явагдаж байна.
Үүний зэрэгцээ бизнес эрхлэгчид өссөн зардлаа хэрэглэгчдэд бүрэн шилжүүлэх боломжгүй байгаа юм. Инфляцаас болгоомжилж буй хэрэглэгчид үнийн нэмэгдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаас татгалзах эрсдэлтэй тул компаниуд ашиг, ашгийнхаа тодорхой хэсгийг өөрсдөө шингээж байна.
Dilworth Coffee-ийн хувьд өмнө нь кофены нийлүүлэлтээ 12-24 сарын өмнө төлөвлөдөг байсан бол одоо ердөө 3-6 сарын хугацаагаар төлөвлөх болсон байна. Компанийн борлуулалтын хэмжээ өмнө нь сард ойролцоогоор 5 хувийн хэлбэлзэлтэй байсан бол одоо 20 хүртэлх хувиар өсөж, буурч байгаа аж.
Ийнхүү эрчим хүч, тээвэр, цаг агаар, геополитикийн эрсдэл зэрэг олон хүчин зүйл нэгэн зэрэг нөлөөлж байгаа нь АНУ-ын жижиг болон дунд бизнесүүдэд зардлаа тооцоолох, үнэ тогтоох, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөхөд томоохон хүндрэл үүсгэж байна.
Л.Баяр






















































