
Зургаан настай Лян Юньжи Рубикийн шоог эвлүүлэх хурдны дэлхийн рекордыг хоёр удаа дараалан шинэчилж, 4.5 секундээс бага дундаж үзүүлэлт гаргасан анхны эмэгтэй тамирчин болжээ. БНХАУ-ын Сычуань мужийн Чэнду хотын иргэн, зургаан настай Лян Юньжи охин Рубикийн 3×3 шоог эвлүүлэх эмэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг ердөө гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ.
Тэрбээр Дэлхийн Рубикийн шоо сонирхогчдын холбоо (WCA)-ны албан ёсны тэмцээнүүдэд оролцохдоо эхлээд таван удаагийн оролдлогын дундаж 4.52 секундийн үзүүлэлт гаргасан байна. Үүний дараа дахин тэмцээнд оролцож, дундаж хугацаагаа 4.27 секунд болгон бууруулжээ. Ингэснээр Лян Юньжи 3×3 шоог 4.5 секундээс бага хугацаанд дунджаар эвлүүлсэн анхны эмэгтэй “speedcuber” болсон байна.
Түүний хоёр рекорд Ухань болон Гуанжөү хотод болсон WCA-ийн албан ёсны тэмцээнүүдэд бүртгэгджээ. Лян Рубикийн шоотой бага насандаа нэмэлт сургалтаар дамжуулан танилцжээ. Тухайн үед тэр бүжиг, хөгжмийн хичээл зэрэг бусад дугуйланд мөн хамрагддаг байсан аж. Харин ээж Лин Янси нь охиныхоо шоог эвлүүлэх чадвар, сонирхол эрчимтэй хөгжиж байгааг анзаарснаар энэ чиглэлд түлхүү анхаарах болсон байна.
Одоогоор тэр Рубикийн шоог эвлүүлэхэд ашигладаг 1300 гаруй алгоритмыг эзэмшсэн бөгөөд өдөр бүр 2-3 цаг бэлтгэл хийдэг гэж ээж нь ярьжээ. Мөн түүний цом, шагналууд гэрийнх нь тавиурт эгнэн байдаг байна. Лянгийн ээж Рубикийн шоог эвлүүлэх нь зөвхөн хурдны тухай биш бөгөөд хүүхдийн анхаарал төвлөрөл, ой тогтоолт, логик сэтгэлгээ, орон зайн баримжааг хөгжүүлэхэд тустай гэж үздэгээ хэлжээ.
Рубикийн шооны хурдны тэмцээнийг “speedcubing” гэж нэрлэдэг бөгөөд оролцогчид зөвхөн шоог хурдан эргүүлэхээс гадна тодорхой дараалал, алгоритмыг цээжилж, холбогдох байрлалыг маш богино хугацаанд танин шийдэлд хүрдэг. Дэлхийн албан ёсны рекордуудыг WCA бүртгэн баталгаажуулдаг.
Л.Баяр


























































