
АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Камала Харрис хиймэл оюун ухааны хөгжлийн хурд “түгшүүр төрүүлэхүйц” хэмжээнд хүрсэн хэмээн анхааруулж, хамгийн дэвшилтэт хиймэл оюуны системүүдийг хөгжүүлэх үйл явцыг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа. Харрис есдүгээр сарын 14-нд олон нийтийн сүлжээнд байршуулсан мэдэгдэлдээ, хиймэл оюуны салбарын сүүлийн үеийн хурдацтай ахицын талаар хөндсөн байна. Тэрбээр хиймэл оюуны технологи хүн төрөлхтөнд ашигтайгаар үйлчлэхийн тулд хөгжлийн хурдыг тодорхой хэмжээнд сааруулах шаардлагатай гэж үзжээ.
Түүний үзэж буйгаар хиймэл оюуны хөгжлийг бүрэн зогсоох тухай биш, харин шинэ үеийн системүүдийг олон нийтэд нэвтрүүлэхээс өмнө аюулгүй байдал, нийгэмд үзүүлэх нөлөөг нь илүү нарийн үнэлдэг тогтолцоо бий болгох шаардлагатай аж.
Энэ байр суурь нь хиймэл оюуны салбарын зарим томоохон удирдлагуудын сүүлийн үеийн анхааруулгатай давхцаж байна. Тухайлбал, Anthropic компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодей хиймэл оюуны хөгжлийн хурдыг сааруулах шаардлагатай гэж мэдэгдсэн бол OpenAI-ийн Сэм Алтман болон xAI-ийн Илон Маск нар ч аюулгүй байдлын асуудалд илүү анхаарахыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюуны хөгжлийг удаашруулах санааг эрс эсэргүүцэж байна. Тэрээр хиймэл оюуны салбар дахь АНУ-ын тэргүүлэх байр суурийг хадгалах нь стратегийн ач холбогдолтой бөгөөд Хятадтай өрсөлдөж буй нөхцөлд хөгжлийн хурдыг сааруулах нь буруу гэж үзэж байгаа юм.
Ингэснээр Вашингтонд хиймэл оюуны технологийн ирээдүй, түүнийг хэрхэн зохицуулах талаарх улс төрийн маргаан улам ширүүсэж байна. Нэг тал нь хэт хурдтай хөгжлийн улмаас хүний хяналт алдагдах, аюулгүй байдалд заналхийлэх эрсдэлтэй гэж үзэж байгаа бол нөгөө тал нь хэт их зохицуулалт технологийн өрсөлдөх чадварыг сулруулна гэж анхааруулж байна.
Харрис өмнө нь Конгресс хиймэл оюуны салбарт хяналт тавих холбооны түвшний байгууллага байгуулах шаардлагатай гэж байр сууриа илэрхийлж байсан. Мөн хиймэл оюуны аюултай хэрэглээг хязгаарлах олон улсын дүрэм боловсруулахыг дэмжиж ирсэн юм. Ийнхүү хиймэл оюуны хөгжлийн хурд нь зөвхөн технологийн салбарын асуудал бус, АНУ-ын улс төр, үндэсний аюулгүй байдал, олон улсын харилцааны чухал сэдэв болж байна.
Л.Баяр























































