
Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху есдүгээр сарын 24-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганд үг хэлэхдээ Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагаагаа хамгаалж, Израилын эсрэг гарч буй шүүмжлэлийг эрс няцаалаа. Түүний илтгэлийн үеэр хэд хэдэн улсын төлөөлөгч танхимаас гарч, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Үүний хариуд Нетаньяху тэднийг шүүмжилж, Израилын үйл ажиллагааны талаар өөрийн байр суурийг НҮБ-ын индрээс илэрхийлэхээ үргэлжлүүлжээ.
Нетаньяху Газын дайныг Израилын өөрийгөө хамгаалах үйл ажиллагаа хэмээн тайлбарлаж, Израилын арми энгийн иргэдийг хамгаалахын тулд арга хэмжээ авч байгаа гэж мэдэгдсэн байна. Мөн Израилын Засгийн газар Газад геноцид үйлдсэн гэх буруутгалыг үгүйсгэж, цэргийн ажиллагаа нь ХАМАС-ын эсрэг чиглэсэн гэж мэдэгдсээр ирсэн юм.
Тэрбээр илтгэлийнхээ үеэр Нью-Йорк хотын дарга Зохран Мамданийг мөн шүүмжилжээ. Мамдани өмнө нь Нетаньяхуг дайны гэмт хэрэгтэн хэмээн нэрлэж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг хүчтэй буруутгаж байсан юм.

Мамдани мөн Нетаньяху Нью-Йоркт ирвэл баривчлах тухай байр суурь илэрхийлж байсан ч хотын захирагчийн хувьд ийм баривчилгаа хийх эрх зүйн бүрэн эрх өөрт нь байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Харин Нетаньяху Мамданийг ХАМАС-ыг дэмждэг хэмээн буруутгасан бол Мамдани өөрийгөө антисемитизмыг эсэргүүцдэг бөгөөд Израилын Засгийн газрын бодлогыг шүүмжлэх нь еврейчүүдийг үзэн ядахтай адил биш гэж мэдэгдэж иржээ.
Нетаньяхугийн НҮБ дахь илтгэл Газын дайн болон Израилийн үйл ажиллагааны талаарх олон улсын маргаан хурц хэвээр байгааг дахин харууллаа. Мөн түүний Мамданитай хийсэн улс төрийн маргаан АНУ дахь Израил-Палестины асуудлын талаарх хуваагдлыг анхаарлын төвд оруулсан байна.
Л.Баяр





















































