Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Даянбилгүүн: "Эрдэнэс Тавантолгой" бонд авч буй иргэн бүр үндэсний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагч юм

2021-8-16
0
ЖИРГЭХ

-Монгол Улс худалдан авагч компанидаа нүүрсээ урьдчилан худалдаж, борлуулалтын орлогоо зээлэн авч байсан. Энэ удаад иргэд маань өөрсдөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-д төслүүдээ санхүүжүүлэх зээлийг босгож өгч байна-

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор дотоодын хөрөнгийн зах зээлд ам.долларын бонд гарган арилжаалж байгаа юм. Нийт хоёр их наяд төгрөгийн санхүүжилт татах “Эрдэнэс Тавантолгой” бондыг зах зээлд байршуулах ажлыг зохион байгуулж буй “БиДиСЕК ҮЦК”ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүнтэй ярилцлаа.


-“Эрдэнэс Тавантолгой” компани бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор нийт 2 их наяд төгрөгийг Монголын Хөрөнгийн бирж дээр бонд арилжаалах замаар босгож байна. Тодруулбал, бондын арилжааны эхний үе шат амжилттай дуусаж, одоо хоёрдугаар шат эхэлж байна. Та бүхний урьдчилсан таамаглал ба бодит үр дүнгийн хооронд зөрүү байв уу.

-Хоёр их наядтай тэнцэх хэмжээний санхүүжилт босгоно гэдэг том дүн. Дотоодын зах зээл жижиг ч хадгаламж эзэмшигч маш ихтэй. Арилжааны банкууд дээр нийт 20 их наядын хадгаламж байгаагаас зөвхөн ам.долларын хадгаламж нь дөрвөн их наяд төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа. Хадгаламж эзэмшигчид маань зөвхөн хадгаламж л хийдэг болохоос биш бондын зах зээл рүү орж үзээгүй. Ам.долларын бонд ч өмнө нь гарч байгаагүй. Дээр нь аж ахуйн нэгжүүдийн харилцах дансууд тодорхой хэмжээний үлдэгдэлтэй байгаа. Харилцах данс болон хугацаагүй хадгаламжинд банкууд хүү тооцохоо больсон учраас тэдгээр дансан дахь мөнгө банкинд хүүгүй байршиж байна. “Эрдэнэс Тавантолгой” бондын арилжаанд аж ахуйн нэгжүүд илүү идэвхтэй оролцох боломжтой. Угаас Монголын бизнесүүд улирлын шинж чанартай эрчимждэг. Хавар эхлэх болохоор бүгд зээл аваад эхэлдэг. Тэр хүртэл харилцах дансандаа мөнгөө хадгалдаг. Тийм учраас компаниуд бизнесийн мөчлөгтэйгээ уялдуулан мөнгөө үр ашигтай зөв байршуулах, илүү өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломжийг энэ бонд бий болгож өгч байна гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” долларын бонд 5.8%, төгрөгийн бонд 10%-ийн хүүг амлаж байгаа нь хадгаламжийн хүүгээс илүү өндөр өгөөжтэй. Хэт жижиг бонд дээр том аж ахуйн нэгжүүд тэгж оролцоход бэрхшээлтэй байдаг. Харин том үнийн дүн бүхий бонд дээр хөрөнгөө чөлөөтэй удирдах боломжтой. МХБ дээр арилжиж буй нээлттэй бондын нэг гол давуу тал нь бондын хугацаа дуусахыг заавал хүлээж суух шаардлагагүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр “Эрдэнэс Тавантолгой” бондыг тодорхой хугацааны дараа хүүгийн ашгаа аваад буцаагаад зарж болно. Бондод байршуулсан хугацаагаараа хүүг тооцуулаад оруулсан мөнгөө буцаагаад авчихна. Хөрөнгийн зах зээлд exit market буюу хөрөнгийн зах зээлээс буцаад гарах боломж нь их чухал байдаг.

Хоёр их наяд төгрөгийг бондоос босгох зах зээлийн багтаамж байгаа гэж үзсэн ч

бид зөвхөн дотоод зах зээлээ гол тоглогч гэж харахгүй байгаа. Гол зорилго маань гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрийн хөрөнгийн зах зээл рүү оруулж ирэх явдал.

Монголын Засгийн газрын бонд гадаад зах зээлд хэд дахин их эрэлттэй байдаг. “Эрдэнэс Тавантолгой” бонд маань Засгийн газрын бондоос баталгаа, өгөөжөөр илүү гарна уу гэхээс дутахгүй. Монголд гол валютын орлогын гол эх үүсвэр болж байгаа, томоохон экспортлогч компанийн нэг. Бондын борлуулалт хүлээлтэд нийцсэн. Нэгдүгээр трачийн бондоос ам.долларынх нь илүү их эрэлттэй байсан. Бондоо авчихсан хүмүүс зарах сонирхолгүй байгаа.

-Монголын хөрөнгийн бирж дээр анх удаа ам.долларын бонд арилжаалагдаж байгаа явдал. Мөн дотоодын хөрөнгө оруулагчдад маш өндөр найдлага тавьж байгаа алхам. Энэ утгаараа хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал үйл явдал гэж ойлгож байна. Та бүхэн үүнийг хэрхэн ажиглаж, дүгнэж байна вэ?

-Монголбанк анх удаа зөвшөөрөл олгож, ам.долларын бондыг дотоодын хөрөнгийн зах зээлд гаргахыг зөвшөөрсөн. Томоохон компани, аж ахуйн нэгжүүд дотооддоо бонд гаргах замаар томоохон хэмжээний эх үүсвэр татаж болох сайн жишгийг бид бий болгож байгаагаараа давхар ач холбогдолтой алхам. Нөгөө талаас нь харвал

Монголын хөрөнгийн биржид энэ удаагийн бондыг гаргаж байгаа нь дотоодын хөрөнгө оруулагчдад боломж олгож байгаа, түүнчлэн дотоодын хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхэд түлхэц өгөх үйл явдал болж байна. Үүнийг дагаад андеррайтар, брокерууд хөгжиж байна. Хувьцаа эзэмшигч иргэд хувьцаа төдийгүй бонд худалдаж авдаг болж байна. Бондынхоо өгөөжийг давхар хүртэнэ гэсэн үг.

Гадаад зах зээлд гаргаж байгаа тохиолдолд иргэд тэр болгон оролцож бонд авч чадахгүй. Тэгэхээр хөрөнгийн дотоод зах зээл хөгжөөд л байвал дотоодоос мөнгө босгодог болно. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн бирж рүү хөл тавьж эхэлнэ. Өмнө нь дотоодын зах зээлд гаргаж байсан бондын хэмжээ харьцангуй бага, нэгээс хоёр сая ам.доллар байсан. Тийм тохиолдолд институциональ хөрөнгө оруулагчид орж мрэх боломжгүй байсан. Монголд хоёр гурван сая ам.доллар хийчихээд хараад суух боломжгүй, тиймээс том дүнгээр л орж ирэх сонирхолтой байдаг байсан. Энэ удаад том үнийн дүнгээр гарч ирж байгаа учраас манай бирж рүү одоо л орж ирж байна.

Мөн иргэд МХБ-д бүртгэлтэй нээлттэй бонд авснаар та хүүгийн орлогодоо 50%-аар бага татвар төлнө. Хадгаламжийн хүүгээс 10%-ийн татвар авдаг бол бондоос 5%-ийн татвар авдаг хуультай.

-Гадаадын хөрөнгө оруулагчид сүүлийн үед Монголоос нүүр буруулах болсон шүү дээ. Магадгүй, цар тахлын үед илүүтэй болгоомжлох хандлага байж болох юм. “Эрдэнэс Тавантолгой” бондыг зах зээлд байршуулах ажлыг зохион байгуулж байгаа Та бүхний хувьд тэдэнд ямар таатай нөхцөлийг санал болгож байгаа вэ?

-Манай улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, түүхий эдийн үнийн цикль зэргээс болоод Монголыг сонирхогчид, хөрөнгө оруулагчид нэлээн буурсан. Үндсэндээ гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг зогссон. Гэтэл одоо үүнийг дахиад эргэн хийхийн тулд үнэн зөв бодитой мэдээллээр хангаж байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын хүссэн ойлголтоор нь мэдээлэл датаг цуглуулж, тодорхой хэмжээний анализ хийсэн мэдээллийг хүргэж байх ёстой. Монгол Улс фронтер маркет дундаа хамгийн сонирхолтой, тогтвортой байх боломжтой улс. Энэ нь төр засгийн бүхий л бодлого, шийдвэр тогтвортой байх эсэхийг хардаг ойлголт. Монголд цэргийн дэглэм, байгалийн гамшиг үүсээд байдаггүй. Хил залгаа хоёр хөрш гэхэд хангалттай том, тогтвортой худалдан авагч байна. Манайд гагцхүү улс төрийн тогтвортой байдал л болгоомжлол үүсгэдэг. Хамгийн гол нь валютын ханш тогтвортой байх л чухал байгаа юм. Ялангуяа хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж байгаа тохиолдолд илүү чухал. Валютын ханшийн өсөлт манайд их өндөр. Хөрөнгө оруулаад 5-10 хувийн ашиг хийгээд л байдаг. Долларын ханшийн өсөлт нь төгрөгийн уналтад шингэчихдэг. Харин ам.долларын бондод ийм эрсдэл байхгүй. Хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид хэдэн сарын биш дор хаяж 2-5 жилийг тооцоолон харж байж шийдвэр гаргаж байна. Жилийн хугацаанд төгрөгийн ханшийг тооцоолж болж байгаа юм. Түүнээс цааших хугацаанд бодитой тооцоолоход хэцүү. Гэхдээ ам.долларын ханш манайд сүүлийн 3-4 жил харьцангуй тогтвортой байгаа. Уг нь хөрөнгийн зах зээлд оролцох нь шууд хөрөнгө оруулалт хийхээс эрсдэл багатай. Тэр тусмаа бонд илүү найдвартай, тодорхой хугацаанд мөнгөө байршуулаад хүүгийн ашиг авна, буцаагаад мөнгөө татах болвол бондоо хоёрдогч зах зээлд зараад үндсэн мөнгөө гаргаад авч болно.

-Монголын санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банкны сектор эзэлдэг. Бизнес эрхлэгчдэд санхүүжилт шаардлагатай болоход зөвхөн банк руу л явдаг, банкны зээлээр л санхүүждэг. Тэгвэл хөрөнгийн зах зээлд бонд буюу үнэт цаасаар хөрөнгө босгож болдог. Банкны зээлээс чухам юугаараа зээлдэгчид ашигтай вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” бондоор жишээлэхэд арилжааны банкууд уг бондыг их сонирхож байна. Энэ бонд дээр ХХБ, ХААН, ХАС, ГОЛОМТ, БОГД, КАПИТРОН, ТӨРИЙН БАНК гээд арилжааны долоон банк оролцож, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бондхудалдан авсан, эсвэл бондын нөхцлөөр зээл олгосон байна. Уг нь нэг компанийн нэг зээлийн хүсэлт дээр нэг банк л оролцдог биз дээ? Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” бондыг 900 гаруй иргэн, аж ахуйн нэгж хэдхэн хоногийн дотор нийтдээ 677.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Энэ бол бондын эхний арилжааны дүн. Одоо хоёрдугаар ээлжийн арилжаа наймдугаар сарын 16-нд эхэлнэ, мөн л цөөхөн хоног үргэлжилнэ.

Дотоодын зах зээлд анх удаа гарч байгаа хамгийн өндөр дүнтэй энэхүү бондын арилжаанд манай арилжааны банкууд оролцох, багц худалдан авах зөвшөөрлийг Монголбанк богино хугацаанд шийдвэрлэснийг мөн онцлох ёстой.

-“Эрдэнэс Тавантолгой” компани бондоор баталгаажсан санхүүжилтээр чухам ямар ажлууд хийж байгаа вэ. Үүний дараа компанийн ашиг хэрхэн нэмэгдэх юм бэ?

-“Эрдэнэс Тавантолгой” бондын тэргүүн ээлжийн зарцуулалтыг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл, холболтын төмөр зам, олборлолтын техник, тоног төхөөрөмж, нүүрс ачилтын байгууламж, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэгт зориулна. Энэ мөнгө төрийн өмчит компанид ороод алга болохгүй. Мөн усны хангамжийн төсөл, Цахилгаан станцын бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байна. Энэ бүх төсөл, бүтээн байгуулалтын дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашигт ажиллагааны түвшинд 2-3 дахин нэмэгдэнэ. Энэ хэрээр хувьцааны ногдол ашиг нэмэгдэнэ. Бусад компаниуд ч дагаж хөгжих бололцоо харагдаж байгаа.

Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” бондыг худалдан авч байгаа иргэн, аж ахуйн нэгж болгон үндэснийхээ томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлж буй хөрөнгө оруулагчид юм. Өмнөх гашуун туршлага бийг мартах учиргүй. Монгол Улс худалдан авагч компанидаа нүүрсээ урьдчилан худалдаж, борлуулалтын орлогоо зээлэн авч байсан. Энэ гэрээний дагуу асар их нүүрсээ урьдчилсан хямд үнээр нийлүүлж, маш урт хугацаанд ашиггүй ажилласан. Гэтэл түүхий эд, нүүрсний ханш тэр хугацаанд тогтмол өсч байсан гэж бодвол их зүйлийг алдсан. Энэ удаад иргэд маань өөрсдөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-д төслүүдээ санхүүжүүлэх зээлийг босгож өгч байна шүү дээ.

-Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөв байдал өнөөдөр ямархуу байна вэ. Сүүлийн үед эрс идэвхжиж, хөдөлгөөнд орж байгаа нь мэдрэгдэж байгаа. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Нэг хэсэг бирж дээр бүтээгдэхүүн байхгүй үе байсан. Тэр үед Засгийн газрын үнэт цаас л жижиг, жижгээр борлогддог, хамгийн гүйлгээтэй бүтээгдэхүүн байсан гэхэд болно. Сүүлдээ Засгийн газрын үнэт цаасан дээр банкууд иргэдтэйгээ өрсөлдөж эхэлсэн. Энэ өрсөлдөөнд иргэд банкийг яагаад ч дийлэхгүй. Нэг иргэнд зөвхөн өөрийнх нь л мөнгө эргэлдэж байгаа бол банкинд хэдэн зуун мянган иргэний мөнгө эргэлдэж байгаа шүү дээ. Тэгээд нэг эргээд хартал Засгийн газар банкуудад өөрийн үнэт цаасандаа баахан хүү төлчихсөн байсан. Тэгэнгүүт Засгийн газар дотоодод үнэт цаас гаргахаа больчихсон. Арилжааны банкуудад иргэд, аж ахуйн нэгжүүдэд бизнесийн зээл өгөхөөс илүү өндөр хүүтэй Засгийн газрын үнэт цаасыг аваад сууж байх нь ашигтай.  Тэгэхээр бизнесийн зээл олголт багасч, эдийн засгийн бодит секторт цусны эргэлт багассан зэрэг сөрөг нөлөөг тооцоолсны улмаас Засгийн газар үнэт цаас гаргахаа зогсоосон. Энэ нь хөрөнгийн захад тийм ч таатай нөлөө авчраагүй. Уг нь хүмүүс өдөр тутам Засгийн газрын үнэт цаасны жижиглэн арилжаанд оролцдог данстай болоод түүгээрээ хувьцаа аваад л, зараад л байдаг болчихсон байсан. Гадны хөрөнгө оруулагчид бас Засгийн газрын бонд авахаар байнга орж ирж байсан. Нэг хэсэг ийм үр дагавар ажиглагдсан ч одоо бол Засгийн газрын бонд гарч ирэх нь чухал ач холбогдолтой биш болчихлоо л доо. Учир нь олон компаниуд хөрөнгийн биржид гарч ирлээ. Засгийн газрын үнэт цаасын хүү компаниудын бондоос давж гарахгүй л дээ.

Мөн банкны харилцах дансны хүү, хугацаагүй хадгаламжийн хүүг зогсоосон нь хөрөнгийн зах зээлд идэвхжил үүсгэж байна. Дэлхий дахинд харилцах дансанд хүү тооцдоггүй. Яагаад гэхээр нь энэ нь бизнесийн эргэлтийг удаашруулдаг хүчин зүйл болчихдог. Мөнгөө эргэлдүүлэхээс илүүтай дансандаа царцаагаад хүү бодуулаад ашиг олж байх сонирхлыг төрүүлдэг. Компанийн нягтлан, захирал, банкны ажилтнууд сүүлдээ сонирхол нэгдээд үүн дээр хүүгийн ашиг хийгээд хувааж авдаг асуудал ч үүссэн. Ийм бизнес төрийнхөн ба банкуудын хооронд цэцэглэсэн нь ч нууц биш. Энэ бол АНУ гэхэд л аль эрт тар нь танигдаад бараг л 100 жилийн өмнөөс халсан, огт байхгүй болсон үзэгдэл.

Харин харилцах дансанд хүү тооцохгүй болоод ирэхээр компани,  байгууллагууд мөнгөний болон хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүдийг сонирхон авч эхэлдэг. Мөнгөө бизнесийн эргэлтэд оруулах хооронд харилцах дансанд биш хөрөнгийн бирж дээр байршуулж байгаад буцаагаад авч болно. Хөрөнгийн зах зээл шударга зах зээл учраас тэнд байгаа мөнгө ил тод байдаг.

Хүн мөнгөө заавал өсгөж байх хэрэгтэй. Гудсан дороо байлгаад байж болохгүй. Санхүүгийн бүтээгдэхүүнд оролцуулаад өсгөж л байх хэрэгтэй.

Мөн Монголбанк бодлогын хүүгээ таван функтээр буулгачихаар банкууд хадгаламжийн хүүгээ бас таван хувиар буулгасан. Энэ маш том зөрүү. Банкуудын төгрөгийн хадгаламжийн хүү нь манай бондын хүүгээс 1,5-2%-аар бага болсон байна. Тэгэхээр иргэд бондыг их сонирхож байна. Бондод хөрөнгө орууллаа, мөнгө хэрэг болвол буцаад хоёрдогч зах зээлд зарчихаад явж болно.

-Хөрөнгийн зах зээлд хөл тавьж орохоос гадна хөрөнгийн зах зээлээс гарах exit market гэдэг үйл явц их чухал байдаг бололтой. Танай компанийн хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээлд орооч гэж урихаас гадна тэндээс хөрөнгөө аваад гарах бололцоог нь бас санал болгодог уу?

-Хөрөнгө оруулагчид ч мөнхийн хөрөнгө оруулагч биш. Зах зээлд орж ирж тодорхой ашиг хийгээд гараад явдаг. Монголоос гарч явахад нь хэн хувьцааг нь, хөрөнгө оруулалтыг нь худалдаж авдаг вэ гэхээр баялгийн, тэтгэврийн зэрэг хөрөнгө оруулалтын сангууд худалдаж аваад эрхийг нь цааш үргэлжлүүлээд томоохон компаниуддаа хувьцаа эзэмшигч болоод явдаг. Харин манайд сангууд хөгжихгүй байгаагаас болоод хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээлээс гарах бололцоо нь хязгаарлагдмал. Хэрхэн гарахаа тооцоолохгүйгээр орохоо шийднэ гэдэг маш хүнд шүү дээ. Та 100 сая ам.доллараар Монголын нэг компанийн хувьцаа авчихлаа гэж бодьё. Мөнхийн хөрөнгө оруулагчаар үлдэнэ гэж үгүй. Илүү үр ашигтай зүйл рүү мөнгөө оруулахаар шийдээд өнөө хувьцаагаа зарахаар шийдлээ. Хэнд хаана зарах вэ гэдэг асуудалтай тулгарна. Тэгвэл манайд зарах зах зээл нь байхгүй. Хэрэв хөрөнгө оруулалтын сангууд байдаг бол тэнд өгөөд гардаг. Тэгтэл сангууд байхгүй учраас хэнд зарах юм бэ? Манайд баялгийн болон хөрөнгө оруулалтын сангууд байгаад тэдгээр нь алтны, нүүрсний, зэсийн компанийн хувьцаа авдаг бол хөрөнгө оруулагчдад санал тавихад айх юмгүй. “Та хувьцаанд хөрөнгө орууллаа гэхэд гарахдаа манай сангуудад зарж болно” гэж хэлээд сууж баймаар байна. Даанч бодлого тодорхойлогчид маань энэ тогтолцоог төдийлөн ойлгодоггүй.

Бодлого, шийдвэр тогтвортой байхыг чухалчилдгийн учир нь энэ. Сангийн хууль гэхэд сангийн ашгаас татвар тооцохгүй гэж явж байснаа гэнэт 10 хувийн татвартай болчихсон. Манай улсын хуулиар “татваргүй сантай” гээд гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгоод явж байтал ингээд л гэнэт өөрчлөгдчихсөн.

Уг нь сангийн хөрөнгөд татвар тооцдоггүй. Сангаас хөрөнгө оруулалт авсан бизнес ашгийн татвараа төлж байгаа, эцсийн хөрөнгө оруулагч нь мөн ханшийн өсөлтийн татвараа төлж байгаа тохиолдолд дундын сангаас давхар татвар авдаггүй. Хөрөнгө оруулалтын сан бол хөрөнгийн зах зээлд хөрөнгө татан байршуулах чухал арга хэрэгсэл байсан. Одоо бол хэцүү болсон. Зүй нь, “Эрдэнэс Тавантолгой” шиг тогтвортой том бонд гаргах нь сангуудад хэрэгтэй байдаг.

-Томоохон үнийн дүнтэй, дотооддоо анх гаргаж байгаа ам.долларын бондыг зах зээлд байршуулах ажлыг зохион байгуулж байгаад Та бүхэнд баяр хүргэе. Энэ ажлаас бас суралцаж, илүү туршлагажиж байгаа болов уу.

-Манай компанийн зорилго үндэсний үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалт татаж өгөх, олон улсын хэмжээнд мэргэжлийн үйлчилгээ явуулах зорилготой. Хөрөнгө оруулалт татаж болж байна, мөнгө босгож болж байна. Хамгийн гол нь нэг удаа бүтээгдэхүүнээ зарчихаад орхих биш, хөрөнгө оруулагчдад байнга санаа тавьж байх хэрэгтэй байдаг. Хөрөнгө оруулагчдыг татах, мэргэжлийн үйлчилгээ тасралтгүй хүргэхийн тулд компанийн хувьд хүний нөөцөө бэхжүүллээ. Тэр хүмүүст Таны мөнгө ийм байна. Ийм боломж, эерэг, сөрөг тал байна гэдгийг хэлэх ёстой. Үүнийгээ хөрөнгө оруулагчдын хүсдэг формат, өнцгөөс боловсруулан хүргэж байна гэсэн үг.

Мөн гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд манай компани шууд онлайнаар данс нээх, англи монгол дээр байх зэрэг технологийг илүү ашиглах, программ хангамж бий болгоход анхаарч байна. Түүгээр дамжаад мэдээлэл сайн хүрч байгаа. Биржийн ханшийг гэхэд монголд болон гадаадад зэрэг харж болох боломжтой болсон. Гадаадын хөрөнгө оруулагчдын стандартад нийцэх үйлчилгээгээ тодорхой стандартад хүргэчих юм бол дараа дараагийн удаад дотоодын олон компани үнэт цаас гаргахад хангалттай сайн дэд бүтэц болно гэж бодож байна.

З.Боргилмаа

Эх сурвалж: Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    2 цаг 22 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    2 цаг 30 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    2 цаг 33 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    2 цаг 36 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    2 цаг 39 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    3 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    3 цаг 14 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    3 цаг 49 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    19 цаг 18 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    20 цаг 18 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    21 цаг 3 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    21 цаг 7 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    21 цаг 15 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    22 цаг 3 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    22 цаг 53 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    23 цаг 21 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    23 цаг 47 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    23 цаг 56 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК