
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нь шатахууны хомсдолын тухайд улсын хэмжээнд авахаар төлөвлөж буй арга хэмжээ болон саяхан БНХАУ руу хийсэн айлчлалын хүрээнд Петро Чайна компанитай байгуулсан гэрээ, хэлцлийн тухай дараах мэдэгдлийг өглөө.
Тэрбээр: "ОХУ манай бүх хэрэгцээг хангадаг байсан бол нэг талаас манай хэрэгцээ өсөн нэмэгдсэн, нөгөө талаас дайн тулаантай холбоотой асуудлаа шалтгаалаад тэдний 34 нефть боловсруулах үйлдвэрийн 24 нь халдлагад өртчихөөд байна.
Гэхдээ ОХУ бидэнтэй маш идэвхтэй хамтын ажиллагааны хүрээнд зөвхөн Монгол улсад экспортолж байгаа. Урьд нь зуун хувь манай хэрэгцээг хангадаг байсан бол өнгөрсөн 7,8-р сараас манай хэрэгцээг бүрэн хангаж чадахаа байсан. Тйимээс бид үлдсэн хэрэгцээгээ БНХАУ болон БНСУ-аас авч байгаа.
Сая бид БНХАУ руу маш амжилттай айлчлал хийлээ. Уулзалтын хүрээнд БНХАУ-ын зүгээс манайд тогтмол нийлүүлье гэж анх удаа дуугарлаа, мөн зах зээлийн зарчмаар шударгаар үнийн томъёо тохиръё гэлээ. Бид жилд 3 сая тонн орчим газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Үүний гуравны нэг буюу нэг саяыг нь Петро Чайнагаас авах зорилттой одоо ажиллаж байна" хэмээв.





















































