
Монголын уран зохиолын өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлогчдын нэг зохиолч, яруу найрагч Балдоржийн Алтанхуягийн "БИДНИЙ ЦӨХӨРСӨН ӨДРҮҮД" шүлгийн түүвэр уншигчдын гарт очиход бэлэн болжээ. Бид та бүхэнд түүний уг шүлгийн түүврээс таван шүлгийг огцолж байна.
Энэ нь түүний 17 дахь ном бөгөөд шүлгийн найм дахь бүтээл гэдгээрээ онцлог.
Яруу найргийн төрлөөр “Сэтгэлийн таталбар” /2012/ “Цаасан навчсын эмгэнэл” /2014/ “Зурмал нүдэт хэрээ” /2016/ “Шувуудын гүн ухаан” /2018/ “Шулмын шүлгүүд” /2019/ “Амь тавих сарууд” /2021/ “Арван өвлийн хойно” /эмхэтгэл 2023/ “Бидний цөхөрсөн өдрүүд” /2026/ бүтээлүүдээ хэвлүүлсэн.
Хүүрнэл зохиолын төрлөөр “Муурын байшингуудын түүх” /2016, 2022/ “Эрээн муурын үхэл” /2022/ “Мууран төрхтэй хүмүүс” /2025/ Судлал шүүмж “Уншихуйд автахуй” /2020/ “Эртний Миссисипийн дуун” /2024/ “Цатгаатгалд тэрслэхүй” /2026/ Сэтгүүл зүй “Ааваас үлдсэн өвлийн дурсамжууд” /2021/ Хүүхдийн ном “Х.Баянмөнх” /2025/ зурагт номыг тус тус хэвлүүлээд байна.
***

Цөхөрч явахад, урагш зүтгэхэд
Цөлд төөрөх шиг, ганцаардалд живэх шиг
гарцгүй амьдрал.
Туйлдаж шантрахад, зүдэж урагшлахад
Тусыг эс санаж, өөртөө л бүгэх
зовлонт амьдрал.
Уйлж сууснаа, инээж тайвшрах чинь үнэндээ
Урт замыг туулахад халширмаар галзуурал шиг эд.
Унтарч сарничхаад, асаж дүрэлзэнэ гэдэг
Удаанаар амьдрах хүсэл үгүй болж байгаа нь тэр.
Гунигтай хүмүүс л хайрын тухай, шаналлын тухай
Уйдаж залхмаар, улиг болтол санааширч суудаг.
Гурав хөнтрөхгүй бол сэтгэл тайвшрахгүй
Гутралынхаа гэрэлд сохроод бөхөж байгаа нь тэр.
***
НАМАР

Дүүрэн гунигтай сэтгэлээ
Үүрээд цааш холдоно.
Хүрлийгээд үлдсэн аав минь
Хүүгээ хичнээн санана даа.
Суугаад үлдэх бодлоо
Нуугаад цааш эргэнэ.
Сэмрээд хоцорсон ээж минь
Хүүгээ хичнээн санана даа.
Үүрч явсан хүслээ
Дүүрч тэгээд мордуулсан
Өрөвч цагаахан аав, ээж минь
Өвлийг яасхийж туулна даа.
***

Жаргалтай байгаагаа хэнд ч харуулах гээгүй юм шүү
Жаахан цөхөрлөө хүмүүст батлах хүсэлгүй юм шүү
Зөнгөөрөө л уйд живсэн амьдрал дундаас
Зөвтгөл хайж, биеэ өмөөрөхийг санаагүй юм шүү.
Түлхээд орчих хаалга олдохгүй үе хүнд байдгийг л,
Түлээд байгаа гунигаа чимхээд унтраачих зориггүйг л,
Ямагт дэргэд үгүйг санаж өвддөг гэдгийг л,
Яах вэ дээ, амьдрал үргэлж ийм байсныг л...
Зориг зүрхгүй өөртөө сануулж байгаа юм
Зольж гээсэн бүхнээ дурсамж гэж хадгалж байгаа юм.
Мөрөөрөө явах сан гэхдээ л хөнтөрч орхисон бүхнээ бодохоор
Мөнчгөрөө аваад шидчихэлтэй тэсэрч байгаа юм.
***

Хэнэггүй нь дэндсэн нас яах вэ
Хийсээд арилах салхи төдий
Хүүгээ хүлээсэн эвий ээж минь
Хургаа голсон хонь тойглож суух
Хоромхон чөлөөндөө л амсхийгээ дээ.
Зүггүй нь дэндсэн нас яах вэ
Хураад сарних үүлс төдий
Намайгаа хүлээсэн эвий ээж минь
Зүйдэл урлахдаа буруу мэтгэж сандарсан
Зуурхан хугацаанд л амсхийгээ дээ.
***
Гэгээ-дээ

Аавыгаа ээжээсээ өмөөрдөг
Ээжийгээ аваасаа өмгөөлдөг охин минь
Өр зүрхний цаана байдаг өвдөлтийн тухай
Өвдөлт бүрээ шүлэг болгож гадагшлуулдаг тухай
Ойлгож, таньж, мэдрэх хүртлээ
Олон он цагийг элээх биз ээ.
Гань ганцаар амьдралыг бид туулдаггүй
Гараас хөтлөх хэн нэгэн заавал байдаг.
Гаргаж хэлсэн үгсийн хүйтэн, дулааныг
Гарцаагүй ялгаж чадах ухааны тэнхээтэй үлдэх
Хамгаас чухал гэдгийг л, өөрөөрөө байх
өөрийнхөөрөө ярих, өвдөлтөө өөртөө шингээж хүчрэх,
Хэцүү бүхнийг дотроо хав даралгүй
Хэзээд бусдаас өөрийгөө цөлөлгүй явахыг л
Хичээнгүйлэн захина, аав нь.
Юу ч хийсэн, юу ч бүтээгээгүй байсан
Шулганасан бяцхан гэрэл минь чи аавынхаа
Шувуудаас өндөрт нисэж чадсан,
Шуурганаас хүчтэй, омог бардам хийсэж хүчирсэн
Далайн ус шиг хүрхрэн шуугьсан
Дараа нь өөртөө өгсөн гэрэлтэй амлалт бүхний эзэн юм.
Хамгийн гол нь ийм хүйтэн, хахир хорвоо
Ховдог, нэр алдарт дуртай хийсгэлэн хүмүүс
Чамд минь яаж хандах бол гэж бодохоос
Чанга хашхирмаар, дараа нь уйлмаар болдог.
Аав нь гэхдээ амьдралд улам хайртай болж байна
Анх ээжтэй нь танилцсан үеийнх шигээ орчлонтой эвлэрч байна.
Гурвуулаа зэрэгцээд хэвтэхээрээ хэчнээн жаргалтай билээ
Газар дэлхийд нар тэгж л манддаг юм шүү.
Л.Баяр






















































