
Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаараа “Төрийн өмчийн хулгай ба төсөв” сэдвийн дор хэвлэлийн хурлаа хийлээ. Тус хуралд УИХ-ын гишүүн Ө.Шижир дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр: "Төрийн өмчит компанийн төсөв, зардал, зарцуулалтын талаар хууль тогтоомжийн биелэлтийг сүүлийн 10 жилээр хянах УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг гаргаж байна. ТӨК нь 100 их наядын балансын хөрөнгөтэй, гэтэл 2025 онд хийсэн аудитын тайлангаар ТӨК-аас 8.4 их наядын зөрчил илэрсэн асуудал яригдаж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр хэдхэн хоногийн өмнө ТӨК-ийн хулгай луйврын талаар мэдэгдсэн. Сүүлийн 10 жил Засгийн газраас гадна ТӨК-ийн төсөв хөрөнгийг хэн захиран зарцуулдаг байсан бэ гэдэг асуудлыг заавал ярих ёстой. Бид зөвхөн улсын төсөв, орон нутгийн төсөв ярьдаг. ТӨК-ийн хөрөнгө гэдэг улсын төсвөөсөө хэд дахин давсан. Гэтэл компанийн хэдхэн захирлын гарын үсгээр, улс төрийн томилгоогоор, даргын гарын үсгээр шийдэгддэг бүтэц байгаад байна.
Ийм учраас сүүлийн 10 жилээр ТӨК-ийн ашиг алдагдал, ямар төсөл санхүүжүүүлсэн юм бэ, түүнийг нягталъя, Хянан шалгах түр хороо байгуулъя, УИХ дээр сонсгол хийе гэж байгаа юм.
ТӨК-д өнөөдөр 70 мянга орчим хүн ажиллаж байна, 2025 онд 1.8 их наяд төгрөгөөр төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн байх жишээтэй. Нийгмийн чанартай төсөл хөтөлбөрийг ТӨК-аар санхүүжүүлдэг. Эргээд ТӨК-аар улс төрийн томилгоо авсан хүмүүс нь улс төрийн намдаа үйлчилдэг гажиг тогтолцоо үүсчхээд байна.
Улс төрийн томилгоогоор томилогдож байгаа ТӨК-ийн захирлын тансаглал, үйл ажиллагааны зардлыг хэн ч тоож хянадаггүй. Аудитын байгууллага 2025 онд төрийн өмчит 96 компани дээр аудит хийхэд 8.4 их наядын зөрчил илэрсэн. 2012 онд Монгол Улсын төсөв 6 их наяд төгрөг байсан, гэтэл ТӨК -ийн зөрчил нь 8.4 их наяд. ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийдэг, улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг, нийгмийн чанартай төсөл хөтөлбөр санхүүжүүлэх нэрээр намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлдэг хэлбэр байна.
Тиймээс УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн өнөөдрөөс УИХ-ын гишүүдээс гарын үсэг зуруулж эхэлж байна" гэв.




















































