
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 2024 оны сонгуулийн сурталчилгааны үеэр болсон халдлагад буудуулж, хүнд шархадсан Жеймс Копенхавер 76 насандаа нас баржээ. Түүний гэр бүлийн өмгөөлөгч пүрэв гарагт энэ талаар мэдээлсэн байна. Копенхавер 2024 оны долдугаар сарын 13-нд Пенсильвани мужийн Батлер хотод болсон Трампын сонгуулийн цуглаанд оролцож байхдаа буудуулсан юм. Тухайн үед 20 настай зэвсэгт этгээд ойролцоох барилгын дээврээс цугласан хүмүүс рүү гал нээж, Трампын баруун чихийг сум шүргэсэн. Копенхавер гар болон хэвлийдээ буудуулж, хүнд гэмтэл авсан байна.
Тухайн халдлагын үеэр гурван хүн буудуулснаас Копенхавер болон Дэвид Датч нар шархадсан бол Кори Комператоре амь насаа алдсан юм. Комператоре гэр бүлээ буудалтаас хамгаалахыг оролдож байхдаа амиа алдсан байна. Копенхавер халдлагын дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хэд хэдэн удаа мэс засалд оржээ.
Түүний гэдэсний хэсэг хүнд гэмтэж, бөөр болон мэдрэлийн системд нь удаан хугацааны гэмтэл үлдсэн бөгөөд хөлнийх нь мэдрэх чадвар муудсан байна. Тэрээр улмаар таяг тулж алхдаг болсон гэж мэдээлжээ.

Копенхавер лхагва гарагт Питтсбург хотын West Penn эмнэлэгт нас барсан байна. Гэр бүлийн өмгөөлөгч Жозеф Фелдман түүнийг нас барах үедээ ойр дотнын хүмүүсийнхээ дунд байсан гэж мэдэгджээ. Харин гэр бүлийн анхны мэдэгдэлд түүний үхэл 2024 оны халдлагад авсан шархтай шууд холбоотой эсэхийг тодорхой дурдаагүй байна.
Копенхавер болон түүний эхнэр Марианна нар өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын холбооны засгийн газрыг шүүхэд өгч, Төрийн нууц алба болон Дотоодын аюулгүй байдлын яам тухайн цуглааны үеэр шаардлагатай хамгаалалтыг хангаж чадаагүй гэж буруутгажээ.
Копенхаверын гэр бүл түүнийг халамжтай нөхөр, аав, өвөө байсан бөгөөд амьдралынхаа турш эх орондоо үйлчилсэн ахмад дайчин хэмээн дурссан байна. Трамп мөн түүнийг “жинхэнэ Америкийн эх оронч” хэмээн дурсжээ.
Л.Баяр






















































Сэтгэгдэл (1)