
16 настай Тайландын дуучин, гитарчин Nene Royal буюу Раттикан Амлой “America’s Got Talent” шоуны 21 дэх улиралд түрүүлж, 1 сая ам.долларын шагнал хүртсэн. Тэрбээр одоо АНУ-ын алдарт метал хамтлаг Avenged Sevenfold-ын Сингапур дахь тоглолтыг нээж оролцохоор болжээ. Тоглолт аравдугаар сарын 13-нд болох бөгөөд Nene тус хамтлагийн тусгай зочноор тайзнаа гарна.
Nene шоуны шалгаруулалтад The Cranberries хамтлагийн “Zombie” дууг хүчирхэг хоолой, гитарын гоцлол тоглолт, тайзан дээрх эрч хүчтэй үзүүлбэртэй хослуулан дуулж, богино хугацаанд олны анхаарлыг татсан байна. Түүний уг үзүүлбэр TikTok дээр 165 сая гаруй удаа үзэгдсэн байна.
Тэрээр мөн шүүгч Mel B-ээс “Golden Buzzer” авч, шууд хасагдах шатны тоглолтод шалгарсан бөгөөд тэмцээний үеэр The Warning, финалд Linkin Park хамтлагтай хамтран тайзнаа гарчээ.
Nene нь Тайландын Пхукет арлаас гаралтай бөгөөд долоон настайгаасаа өөрөө гитар тоглож сурсан аж. “America’s Got Talent”-д оролцохоосоо өмнө Пхукетийн Naka Weekend Market-д гудамжны тоглолт хийдэг байсан бөгөөд одоо анхны EP цомог дээрээ ажиллаж байгаа юм.
Сонирхолтой нь Nene өмнө нь Avenged Sevenfold-ыг өөрт нь урам өгдөг хамтлагуудын нэг хэмээн нэрлэж байсан бөгөөд ирээдүйд тэдэнтэй нэг тайзан дээр тоглохыг мөрөөддөгөө хэлж байжээ.
Л.Баяр






















































Сэтгэгдэл (1)